Норвегийн Элчин сайд Ховд аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-04-05 12:46:12

Жаргалант, 2024 оны дөрөвдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Норвеги Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Сигнэ Брудесэт болон холбогдох албаны төлөөлөл Ховд аймагт ажиллаж байна. 

Тус аймгийн Засаг дарга Э.Болормаа энэ сарын 3-нд түүнийг хүлээн авч уулзжээ.

Уулзалтын хүрээнд Норвегийн тусламжийн байгууллагаас Ховд аймагт хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Норвегийн тусламжийн байгууллага (NLM) нь “Хүүхдийн эрх" төсөл болон “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх” төслийг тус бүр хоёр үе шаттай 10 жил амжилттай хэрэгжүүлсэн бол сүүлийн таван жилд “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил" төсөл хэрэгжүүлж, орон нутгийн хүүхэд, залууст зориулсан өлөөт цагийн үйл ажиллагааны төв”-ийг байгуулан ажиллаж байна.

Уулзалтын үеэр тус аймгийн Засаг дарга хэлэхдээ, "Ховд аймаг 2024 оныг “Хүүхдэд ээлтэй хүний хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд төрийн болон олон улсын байгууллагын үйл ажиллагааг хүүхэд рүү чиглүүлж байгаа" гэв


Мөн Норвегийн тусламжийн байгууллага нь хүүхэд рүү чиглэсэн олон төсөл, үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаад талархал илэрхийлж, цаашид хамтын ажиллагаагаа улам бататган үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа хэлэв.


Нөгөө талаас Ховд аймагт хэрэгжиж байгаа төслийн эхний үе шат дуусаж байгаа ч дараагийн шатыг хэрэгжүүлж, илүү өргөн хүрээнд дэмжиж, хамтарч ажиллах болно гэдгийг онцолсон гэж Ховд аймгийн ЗДТГ-аас мэдээллээ. 


Холбоотой мэдээ