СҮХБААТАР: "Жаахан шаргын нутаг" монгол бичгийн уралдаан бүсийн хэмжээнд өрнөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-04-30 10:13:07

Баруун-Урт, 2024 оны дөрөвдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан жил бүр зохион байгуулдаг “Жаахан шаргын нутаг-2024” монгол бичгийн уралдаан үргэлжилж байна. Дөрөв дэх жилдээ болж буй тус уралдаан энэ жил бүсийн хэмжээнд өрнөж буйгаараа онцлог.



Уралдааныг Сүхбаатар аймгийн яруу найрагч Ишийн Батсүхийн нэрэмжит болгожээ.


Үндэсний бичгээ сэргээн хэрэглэх, төрийн бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд "Титэм арт" академийн санаачилгаар аймгийн БШУГ, Баруун-Урт сумын ЗДТГ хамтран зохион байгуулдаг бөгөөд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн ЕБС-ийн багш, сурагчид, төрийн болон ТББ-ын ажилтан, албан хаагчид, иргэд оролцож байна.



Зүүн аймгуудаас төрсөн сэтгүүлч, яруу найрагчдаа алдаршуулах, тэдний зохиол бүтээлийг сурталчлан таниулах, хүүхэд багачуудад эх оронч сэтгэлгээг бий болгох, хамгийн гол нь үндэсний монгол бичгээ түгээн дэлгэрүүлэх нь "Жаахан шаргын нутаг" уралдааны үндсэн зорилго. Энэ жилийн тухайд оролцогчид яруу найрагч И.Батсүхийн ном зохиолыг судалж, бүтээлээ туурвиж байна. Олон төрөлд бүтээл хүлээн авч байгаагаас энэ жилийн нэг онцлог нь хулсан үзгийн бичлэгийн төрөл нэмэгдсэн. Маш олон гайхалтай бүтээл ирж байна. Манай академи бол хүүхдийн урлагийн боловсролыг дэмжин ажилладаг ТББ. Нөгөө талаар үндэсний соёл, үндэсний бичиг үсгээ сурталчлах, түгээн дэлгэрүүлэх чиглэлд анхаарч ажилладаг. Тиймээс энэ уралдаанд маш их ач холбогдол өгч, хамтрагчидтайгаа гар нийлэн ажилладаг гэдгээ "Титэм арт" академийн тэргүүн, урлагч судлаач Э.Ариунболд хэллээ.



Уралдаанаар нийт 13 төрөлд 36 бүтээлийг шалгаруулж, зохион байгуулагчдын болон нэрэмжит шагналаар урамшуулна. Шалгарсан бүтээлүүдийг уламжлал ёсоор аймгийн Нийтийн номын санд хадгалуулна.

 

Холбоотой мэдээ