БАЯН-ӨЛГИЙ: А.Хундыз монгол бичгийн улсын тэргүүний уншигч болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-05-04 21:56:46

Өлгий, 2024 оны тавдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Соёлын яам, Хүүхдийн төв номын сан, "Сод номуун төв", "Төгөлдөр буяннэмэх" төрийн бус байгууллага хамтран монгол бичгийн тэргүүний уншигч шалгаруулах улсын XVIII уралдааныг өнөөдөр Улаанбаатар хотод зохион байгууллаа.


Тус уралдаанд 21 аймаг, 9 дүүргээс нийт 132 сурагч оролцсоноос 10-12 дугаар ангийн төрөлд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч Аманжолын Хундыз тэргүүлж "Тэргүүний уншигч Д.Нацагдорж тэмдэгтэн" шагналын эзэн боллоо.  


А.Хундызын хувьд тус уралдаанд энэ жил тав дахь удаагаа оролцсон байна. Мөн саяхан тус аймагт зохион байгуулсан улсын төрөлжсөн олимпиадын 2 дугаар даваанд монгол хэлний хичээлээр тэргүүлж, монгол бичгийн төрөлд дэд байрт шалгарчээ.


"Өнөөдрийн амжилтад хүрэхэд минь надад 6 дугаар ангиас монгол бичгийг цагаан толгойноос эхэлж заасан Х.Салтанат багш маш их нөлөө үзүүлсэн. Мөн 7 жилийн турш тогтвортой хичээллэж, 5 жил дараалан уралдаанд оролцож зүтгэсний эцэст ийм амжилтад хүрлээ. Монгол хэл, бичгийг сурахад уйгагүй хөдөлмөрлөх нь хамгаас чухал. Би бийрэн бичгээр бас хичээллэдэг. Мөн бичих чадвараа хөгжүүлэх ажлыг ч орхиж болохгүй. Нэг нь орхигдвол монгол бичгийг хэзээ ч амжилттай сурч чадахгүй. Амжилт бол яс үндэс, нас харгалздаггүй юм. Хэн хөлсөө урсгаж илүү их хичээнэ, тэр хүн амжилтад хүрнэ" хэмээн А.Хундыз охин хэлж байна.


Түүний хувьд цаашид гадаадын их, дээд суруульд маркетингийн чиглэлээр суралцах хүсэлтэй. Мэргэжил эзэмшиж ирээд эх орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулна гэдгийг тэрбээр онцолж байлаа. 

Холбоотой мэдээ