Нийслэлд гурван сургууль, гурван цэцэрлэгийг ашиглалтад өгчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-05-06 15:11:12

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Энэ онд боловсролын салбарт 807.1 тэрбум төгрөгийн төсвөөр 165 төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд дөрөвдүгээр сарын байдлаар гурван сургууль, гурван цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулсан байна.


Өнөөдөр болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөний үеэр нийслэлийн боловсролын салбарт хийж буй бүтээн байгуулалтын ажлын талаар мэдээлэл өгсөн юм. 


Урьдчилсан төлөвлөгөөгөөр энэ онд 27 сургууль, 48 цэцэрлэг, бага сургууль болон цэцэрлэгийн цогцолбор бүхий долоон барилгыг ашиглалтад оруулна. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2018 оноос хойш хэрэгжиж буй удаашралтай, барилга угсралтын ажлыг эрчимжүүлэх шаардлагатай нийт 30 сургууль, цэцэрлэгийн барилга байна. Эдгээр барилгын ажил зураг төсөлд шинэчлэн магадлал хийлгэсэн, гүйцэтгэгч байгууллагаас шалтгаалсан, барилгын төсөв нэмэгдсэн зэрэг хэд хэдэн шалтгааны улмаас удааширчээ.


Үүнээс гадна долоон байршилд нийт 5660 хүүхдийн суудалтай сургууль болон 900 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгыг эхлүүлнэ. Энэ ажлыг эхлүүлэхэд 210 нэгж  талбарын 10.59 га газар өртсөнөөс 128 нэгж талбарыг чөлөөлсөн байна.




Холбоотой мэдээ