Хүүхдийн тоглоомын талбай эзэмшигчдэд шаардлага хүргүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-05-06 15:21:41

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Нийслэлд 1553 хүүхдийн тоглоомын талбай байдгаас 29.9 хувь нь стандартад нийцээгүй, засах шаардлагатай байгаа ажээ.


Тиймээс Хүүхдийн тоглоомын талбай эзэмшигч, Сууц өмчлөгчдийн холбоод болон холбогдох байгууллагууд, дүүрэг, хороодын Засаг дарга нарт эрүүл ахуйн орчин, аюулгүй байдлыг хангуулах, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх үүрэг бүхий албан бичиг хүргүүлсэн тухай Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг мэдээллээ.


Нийслэлд буй нийт хүүхдийн тоглоомын талбайн 54 хувийг Сууц өмчлөгчдийн холбоо, 18 хувийг дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, Хот тохижилтын газар, 28 хувийг орон сууцны төсөл хэрэгжүүлсэн барилгын компани эзэмшиж, ашиглалтыг нь хариуцдаг байна.


Монгол Улсын стандартын ерөнхий шаардлагад хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдал, арчлалт хамгаалалтыг тухайн газрыг эзэмшигч хариуцна гэж заасан байдаг. Иймд стандартад заасны дагуу хүүхдийн тоглоомын талбайн газар эзэмшигчдэд шаардлага хүргүүлж буй ажээ. 

Холбоотой мэдээ