Замын газар чөлөөлөлтийг цаг алдалгүй хийх хууль эрх зүйн орчин бүрджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-05-06 16:43:11

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нийслэлд авто замын ажил гүйцэтгэж буй компаниудын төлөөлөлтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцлоо. 


Уулзалтын үеэр хотын дарга авто замын бүтээн байгуулалт, газар чөлөөлөлтийг эрчимжүүлж, авто замын чанарыг сайжруулах үүрэг даалгавар өгсөн. Харин авто зам, замын байгууламжийн засвар гүйцэтгэгч компаниудын төлөөлөл зарим асуудлаар хотын даргаас тодруулав. Тухайлбал “Авто замын зургийг батлуулсны дараа туслах, инженерийн байгууллагын зургаа батлуулдаг. Үүний дараа газрын албанаас зам, холбоо, цэвэр, бохир, цахилгаан зэрэг 4-5 зүйл дээр тодруулга авч байна. Үүнээс болж хугацаа алдаж, зам засвар удааширдаг тул зураг зөвшилцөхийг хуулийн хүрээнд шийдэж, цөөлөх боломж бий юу” гэж лавлалаа.


Түүнчлэн, замын ажилтай холбоотой газар чөлөөлөлтийг түргэн шийдэх, замын далан хийхэд шороо их ордог тул хотын ойролцоо зөвшөөрөлтэй, түгээмэл тархацтай ашигт малтмалын карьер ажиллах боломжтой эсэх, чанарын шаардлага хангасан замын хашлагын үйлдвэр шаардлагатайг авто зам, замын байгууламжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компаниудын төлөөлөл хэлж байв


Энэ талаар Засаг дарга Х.Нямбаатар “Замын хашлага үйлдвэрлэж буй компаниудтай бетоны хатуулгыг нэмэх чиглэлээр хамтарч ажиллаж байгаа. Газар чөлөөлөлтийг түргэн шийдэх боломж хууль эрх зүйн хүрээнд бүрдсэн учир энэ тал дээр дахиж цаг алдахгүй. Нийслэлийн Байгаль орчны газрын судалгаагаар хайрга дайргын хэд хэдэн тусгай зөвшөөрлийг аж ахуйн нэгжүүдэд сонгон шалгаруулалтаар яаралтай өгнөхэмээн хариулж, зарим асуудлыг шийдсэнийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ.

Холбоотой мэдээ