БУЛГАН: Харгал нуурын нэр "хар гал" дүрслэлээс үүссэн домогтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-05-08 11:19:13

Булган,2024 оны тавдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Харгал нуур нь Булган аймгийн Тэшиг суманд байдаг. Сумын төвөөс зүүн тийш 3 км-т орших нийт 13,6 хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэрийг эзэлдэг, дунджаар 15,6 м гүн Булган аймгийн хамгийн том нуур юм. Зуны цагт хун, ангир, галуу шувууд ирдэг. Харгал нуур аймгийн төвөөс 270 км-т оршдог.



Харгал нуурын тухай дараах домог олон ном сударт үлдсэн байдаг аж.

Эртийн эрт, холын холд нэг гоо бүсгүй ээжтэйгээ суудаг байжээ. Тэр гоо бүсгүй нэгэн залууг хүсэл бодолдоо жаргаан санадаг байж. Хөөрхий залуу холын холд, усны шувуу өвөлжих газар байдаг юм санж. Хүлээж ядсан бүсгүй олон хоног уйлж хайлж ээжийгээ ч мартан гуниглажээ. Үүний эцэст: "Ингэж хүн явснаас элбэг цэнхэр нуур болъё. Хайртай залуу минь далайн чанадаас хун шувуу болоод ирвэл тосон авч цуцаж ирсэн даль юуг нь амраан, цугтаа гурван сар боловч жаргая. Ангир зөөлөн өехий юуг нь илбэн таалж, амар амгалан мэлтэлзэх нуур болъё” гэж шийдээд Харгал нуур болчихжээ.


Чухам үнэндээ бол бүсгүйн хар тана шиг үс нуурын мандалд үе үе намиран харагдах нь хар гал асаж байх шиг санагдаж, энэхүү нуур Хар гал нэртэй болжээ.


Хунгийн сүрэг хаврын хаварт яаран ирэхэд Харгал нуур зөөлөн цэнхэр усаа мэлтэлзүүлэн тосож дэлгэр цагийн сардаа жарган байдаг. Намрын хонгор салхи сэвэлзээд ирэхийн үес нуур хааяад их л гуниглан салхин шагшуурга үелзүүлэн хямардаг гэнэ. Нуур, хун хоёрын хувь тавилан үнэндээ хайр сэтгэлтэй бүсгүй залуу хоёрын тавилан аж.


Эх газраас нуур рүү түрж орсон энэ үзүүрийг Хунгийн хошуу гэж нэрлэдэг байна.

Холбоотой мэдээ