ӨВӨРХАНГАЙ: Дундад зууны үеийн хоёр хүрэл тамга аймгийн музейд хадгалагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-05-09 18:59:21

Арвайхээр, 2024 оны тавдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Монголын Эзэнт гүрэн болон Мин улсын үед холбогдох хоёр хүрэл тамга аймгийн музейн сан хөмрөгт хадгалагдаж байна.


Уг хоёр тамга хаанаас олдсон талаар музейн баримт бичигт тусгахдаа “Б.Ринчин, Д.Пэрлээ нар Баруунбаян-Улаан, Богд сумын зааг Юань гүрний үеийн хот болох Шаазан толгой гэдэг газраас олж илрүүлж, музейд хадгалуулсан байна” хэмээн дурджээ. Гэвч хэзээ олдсон нь тодорхойгүй юм. Аймгийн музейн эрдэм шинжилгээний ажилтнууд хоёр хүрэл тамганы он цагийг нарийвчлан тогтоож, судалгааны эргэлтэд оруулахаар зорьж ажилласан байна.

 

Нэгдүгээр тамганы тодорхойлолт:

Энэ тамга нь дөрвөлжин ултай, өндөр 8.7 см, улны хэмжээ 7.6 х 7.7 см, зузаан нь 2.2 см. Тамганы бариул нь гонзгой дөрвөлжин хэлбэртэй дээшээ нарийссан. Тамгыг хүрлээр цутгаж хийсэн бөгөөд тамганы дардас нь дөрвөн эгнээ дөрвөлжин үсгээр бичсэн байна. Тамганы бариулны хоёр талд хятад ханзаар бичсэн.

Уг тамга бүхий л талаасаа элэгдэж, зарим газраа эмтэрсэн, ул талдаа дөрвөлжин үсэг нь гол хэсэгтээ үрэгдэж бага зэрэг тодорхой бус болсон байна.

Тамганы нангиад бичээсийн орчуулгаас харахад тамга олгосон газар нь Төвлөн засах яамны Ёслолын яам агаад тус яам нь тамга үйлдэх албатай, бүхий л албан тамгыг цутгах, бичиглэх-сийлэх үйлийг эрхэлж байжээ. Тус албыг 1268 он байгуулсан байна.  




 

Хоёрдугаар тамганы тодорхойлолт:

Тамга нь 8.6 см өндөр, дөрвөлжин ултай, улны хэмжээ 7.1 x 7.1см, зузаан нь 1.4 см. Тамганы бариул нь зуйван гонзгой хэлбэртэй дээшээ нарийссан. Тамга нь бариулны хоёр талд гурван мөр, улны нэг хажууд нэг мөр хятад бичээстэй.

Дардас нь дөрвөн эгнээ эвхмэл ханз үсгээр бичсэн. Их бие дээрх бичээсийн агуулга нь “Мин улсын 3 дугаар хаан Ён Дүгийн цэргийн зуутын даргын тамга” гэсэн утгатай аж. Дээрх тамганы адил дардас болон их биен дээрх бичээсүүд нь нарийн судалж шинжлэгдээгүй байна.

Шаазан толгойгоос илэрсэн уг тамгыг Онгийн голын дагуух замаар аялан явсан Мин улсын цэргийн нэгэн эрхтний тамга бөгөөд 1414 оны цэргийн ажиллагааны үеэр гээгдсэн байж болох юм” хэмээн үздэг.





“Дундад зууны үед холбогдох олон дурсгал Монгол нутгаас ихээхэн хэмжээгээр олддог бөгөөд түүний дотроос бичиг үсгийн холбогдолт олдвор багагүй тоотой байна. Тэр дундаа төрт ёсны уламжлалтай холбоо бүхий тамга тэмдэг олдож буй нь Монголын дундад зууны үеийн түүхийг тодруулах томоохон баримт болох юм” хэмээн аймгийн музейн эрдэм шинжилгээний ажилтан Б.Бат-Эрдэнэ ярилаа.

 

Холбоотой мэдээ