ХОВД: Эрүүл мэндийн салбарын цахим шинэчлэлтийн талаар мэдээлэл солилцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-05-09 21:04:21

Жаргалант, 2024 оны тавдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн эрүүл мэндийн салбарынхан өнөөдөр “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сэдэвт сургалтад хамрагдлаа.

Энэ сургалт нь эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн шинэчлэл болон мэдээллийн технологийн дэвшлийг сурталчлах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, цахим үйлчилгээг эрчимжүүлэхэд чиглэв.

Сургалтад 350 орчим хүн оролцож, эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийн цаашдын чиг хандлагын талаар мэдээлэл солилцлоо. 

Аймаг, сум, өрхийн эмнэлгийн зарим үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, нэгдсэн мэдээллийн санд оруулж байна. Ингэснээр эмч, мэргэжилтнүүдийн ажлын ачаалал багасах, иргэдэд түргэн шуурхай үйлчлэх, цаг хугацаа хэмнэх боломж бүрдэх юм.   

Иргэд жирэмсний хяналт, дархлаажуулалт, дүрс оношилгоо, лабораторийн шинжилгээний хариу зэргийг цахим (И-Монголиа)-аар авах боломжтой. 


Эрүүл мэндийн яам, Цахим хөгжил харилцаа холбооны яам хамтран “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сэдэвт сургалтыг орон даяар  үе шаттай өрнүүлж байгаагаараа онцлог юм.  

Холбоотой мэдээ