Монголын компаниуд Узбекистаны зах зээлийг сонирхож байгаагаа илэрхийллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-05-10 09:23:05

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Монгол Улсад айлчилж буй Бүгд Найрамдах Узбекистан Улсын Гадаад хэргийн дэд сайд Бобур Усманов тэргүүтэй тус улсын албаны төлөөлөгчид Монгол Улсын бизнесийн төлөөлөлттэй өчигдөр ажил хэргийн уулзалт хийв.


Уулзалтаар хоёр улсын хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Узбекистаны Гадаад хэргийн дэд сайд Бобур Усманов хэлэхдээ, Монгол Улс бол манай улстай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжүүлэхэд чухал улс гэдгийг онцоллоо.


Хоёр улсын хамтын ажиллагаанд нэн тэргүүнд худалдаа, эдийн засгийн асуудал орж байна. Түүнээс гадна хөрөнгө оруулалтын асуудал чухал гэдгийг хэллээ. Ингэж хэлэхдээ тэрбээр 93 улсын төлөөлөл оролцож, хөрөнгө оруулалтын 27 тэрбум ам.долларын гэрээ хэлэлцээр байгуулсан Астана хотноо болсон Хөрөнгө оруулалтын форумыг жишээ татлаа.


Монгол-Узбекистаны уулзалтад Монголын талаас “Монгол базальт”, “Таван богд солюшн”, “МCS инвестмент” зэрэг компанийн төлөөлөл оролцож, хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрөө танилцуулж, Монголын компаниуд Узбекистаны зах зээлд орох сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

 

Холбоотой мэдээ