Бразилд үерийн улмаас амиа алдсан хүний тоо 107-д хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2024-05-10 12:15:35

ПОРТО-АЛИГРЕ, 2024 оны тавдугаар сарын 10 /Reuters/. Бразилын өмнөд нутагт нүүрлээд буй үерийн гамшгийн улмаас амь эрсэдсэн хүний тоо 107-д хүрсэн тухай иргэний хамгаалалтын албанаас пүрэв гарагт мэдээлжээ.


Аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр байгаа бөгөөд эрх баригчид Рио Гранде-ду-Сул мужид байгалийн гамшигт үзэгдлийн улмаас учирсан хохирлыг арилгахад хэдий хэмжээний хөрөнгө мөнгө шаардагдахыг тооцоолж эхэлсэн байна.


Аврагчид үерт автсан суурингийн нэгэн байшингийн дээвэр дээр хоёр өдрийн турш зогссон морийг аварсан нь нөхцөл байдал хэр зэрэг хүнд байгааг харуулсан үйл явдал байлаа.


Ойрын өдрүүдэд дахин бороо орох төлөвтэй байгаа нь үерийн гамшигт нэрвэгдсэн мужийн нийслэл Порто-Алигре ба ойролцоох хотуудад усны түвшин улам нэмэгдэх вий гэсэн болгоомжлолыг төрүүлж байна.


Одоогийн байдлаар 136 хүн сураггүй болоод байгаа бөгөөд 165 мянга гаруй хүн усанд автсан гэр орноо орхин дүрвэж, завь, нисдэг тэргүүд ашигласны хүчинд аврагджээ.


Порто-Алигрегийн хойд хэсэгт орших Каноас суурингийн захад байрлах фермийн байшингийн дээвэр дээр морь зогсож байгааг телевизээр харуулж байв. Гал сөнөөгчид морийг хийлдэг завиар зөөвөрлөн аюулгүй газарт авчирчээ.


Үерийн улмаас дэд бүтэц, гүүр эвдэрч сүйдсэн нь Порто-Алигре руу нэвтрэх боломжгүй болгосон бөгөөд супермаркетуудын тавиурууд хоосорч, шөнийн цагаар дээрэм тонуул гарах болжээ.


Рио Гранде-ду-Сул мужийн захирагч Эдуардо Лейтегийн хэлснээр, нийслэлийн эргэн тойрон дахь газар тариалангийн бүс нутгийг сэргээн босгоход хамгийн багаар тооцоход 19 тэрбум реал /3.68 тэрбум доллар/ шаардлагатай ажээ. 


Харин Бразилын холбооны засгийн газар сэргээн босгох ажилд 7.7 тэрбум реал /1.49 тэрбум ам.доллар/ шаардлагатай гэж тооцоолоод байна. “Рио Гранде-ду-Сулын сэргээн босголтод хэдий хэмжээний хөрөнгө мөнгө шаардлагатайг ус татрах үед л мэдэх боломжтой” гэж Ерөнхийлөгч Луиз Инасиу Лула да Силва мэдэгдсэн байна.



Холбоотой мэдээ