Улсын арслан М.Бадарчийн барилдах эрхийг дөрвөн жилээр хасах шийдвэрийг хэвээр үлдээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-05-10 13:05:02

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Монголын Олон улсын ба Үндэсний спортын арбитраас М.Бадарчийн барилдах эрхийг дөрвөн жилээр хасах шийдвэрийг хэвээр үлдээж байгаагаа мэдэгдлээ.


Ардын хувьсгалын 102 жилийн ойд хүчит 512 бөхийн барилдаанд М.Бадарч түрүүлж, Улсын арслан цол хүртсэн юм. Дүрэмд заасны дагуу Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн 16 бөхөөс допингийн шинжилгээ авдаг. Гэвч М.Бадарчаас авсан сорьцод допингийн эсрэг бодис илэрсэн ч түүнийгээ хүлээн зөвшөөрөөгүй. Улмаар Арбитрын шүүхэд хандаж, гомдол мэдүүлсэн байдаг. Тэгвэл удтал маргаан дагуулсан асуудалд Арбитрын шүүх шийдвэрээ гаргалаа. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос М.Бадарчийн барилдах эрхийг дөрвөн жилээр хасч, цолыг нь хураах шийдвэр гаргасан байсан юм.


Хуралдаан даргалагч шүүгч Г.Батзаяа хэлэхдээ “2023 оны Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооноос 2023 оны долдугаар сарын 12-нд М.Бадарчаас допингийн эсрэг шинжилгээ авсан. Шинжилгээ авах үйл явцтай бүх тал маргадаггүй. Эхний шинжилгээнээс Андрогены анаболик стеройд төрлийн бодис илэрсэн. Энэ төрлийн бодис Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй. Эмчилгээнд хэрэглэдэггүй хориотой бодис. Тамирчны “Б” шинжилгээний хариунаас дээрх бодис илэрсэн болох нь батлагдсан. М.Бадарч хориотой бодис илэрснийг зөвшөөрөгдсөн замаар биед орсон эсэхийг нотолж чадаагүй нь допингийн зөрчил мөн. Тиймээс шинжилгээний хариу хүчин төгөлдөр. Тэр тав дахь удаагаа шинжилгээнд орох үеэр хориотой бодис илэрсэн. Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооноос М.Бадарчийн барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг хэвээр үлдээж байна” гэв.


Тэгвэл өнөөдрийн хуралдаанд шинээр гэрч гарч ирсэн нь олны анхаарлыг татсан. Тэрбээр улсын арслан М.Бадарчийг зүрхний эм асуухад нь 10 орчим ширхгийг өгснөө тайлбарлалаа. Харин М.Бадарч түүнээс авсан эмээ Панангин гэж бодоод бүгдийг нь нэг дор ууснаа ярив. Ийнхүү бүтэн жил үргэлжилсэн маргаан тасалбар болж байна.


Одоо Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо М.Бадарчтай холбогдуулан гаргасан шийдвэрээ Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулна.

 

Холбоотой мэдээ