Монголын нууц товчоо судлалд үнэтэй хувь нэмэр оруулж буй судлаачдад шагнал, тэтгэлэг олгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2024-05-10 17:14:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Бодлогот баатар Б.Цэнд гүн” сангаас түүний нэрэмжит шагналыг Монголын нууц товчооны хэлний авиалбарын тогтолцоо, монгол хэлийг галигласан хятад дүрс үсгийн судалгаа бүтээлээрээ Монголын нууц товчоо судлал, түүнийг дэлхий дахинд таниулан, түгээн дэлгэрүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж зарим судлаачдад олголоо.


“Бодлогот баатар Б.Цэнд гүн” нэрэмжит шагналыг доктор, профессор Л.Маналжав, ШУА-ийн түүх, угсаатны хүрээлэнгийн Монголын нууц товчоо судлалын ахлах судлаач, доктор, дэд профессор А.Пунсаг нарт, тэтгэлгийг Монголын нууц товчоо судлалын чуулган, Монголын нууц товчоо судлалын ном зүй зэрэг бүтээлээр үнэтэй хувь нэмэр оруулсан үйлсийг өвлөн үргэлжлүүлж буй Монголын нууц товчоо судлаач П.Соёлмаа нар хүртэв.


Шагнал гардуулах ёслолыг нээж, Чингис хаан Үндэсний музейн захирал, академич  С.Чулуун хэлэхдээ, “Бодлогот баатар Б.Цэнд гүн Монголын нууц товчоог Хятад үсгээс монгол хэлэнд хөрвүүлсэн анхны хүн. Монголын нууц товчоо судлал бол монгол судлалын тулгуур багана юм. Тиймээс Монголын нууц товчоо судлалд анхны шанг татсан Цэнд гүний үр удмынхан нийлж, шагналыг Олон улсын  Монгол судлалын холбоотой хамтран анх зохион байгуулсаар ирсэн. Монголын нууц товчооны судалгаанд Монгол Улсын Ерөнхийлөгч онцгой анхаарал тавьж ажиллаж байгаа. Манай музей бол Чингис хаан, Монголын эзэнт гүрэн, Монголын нууц товчоо, Монголын хаад, язгууртны түүхийг судлах гол газар учраас энэхүү ажлыг энэ жилээс хамтарч хийсэн” гэв.


Бодлогот баатар Б.Цэндийн үр хүүхэд, ач, зээ санаачлан Цэнд гүн санг байгуулж,  2016 оноос хойш Монголын нууц товчоо судлалд жинтэй хувь нэмэр оруулсан, хоёр жил тутам хоёр хүртэлх хүнд урамшуулал дэмжлэг олгодог аж. Одоогоор шагналыг зургаан хүнд олгоод байгаа бөгөөд мөнгөн урамшуулал дагалддаг байна. 







Холбоотой мэдээ