М.Мишустинийг Ерөнхий сайдаар томилох тухай тогтоолыг Төрийн Дум баталжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-05-10 22:19:26

МОСКВА, 2024 оны тавдугаар сарын 10 /РИА Новости/ Михаил Мишустинийг ОХУ-ын Ерөнхий сайдаар томилох тухай тогтоолын төслийг Төрийн Думын өнөөдөр болсон нэгдсэн хуралдаанаар баталжээ.


Уг шийдвэрийг парламентын доод танхимын 375 гишүүн дэмжиж, 57 гишүүн түдгэлзсэн санал өгсөн байна.


Одоо тогтоолыг ОХУ-ын Ерөнхийлөгчид хүргүүлнэ. Шинээр томилогдсон Ерөнхий сайд нэг долоо хоногийн дотор холбооны гүйцэтгэх засаглалын байгууллагуудын бүтцийн талаарх саналаа Ерөнхийлөгчид танилцуулах ба хоёр долоо хоногийн дотор шадар сайдууд, холбооны засгийн газрын сайдуудыг /хүчний байгууллагуудын удирдагчид ба Гадаад хэргийн сайдаас бусад/ Төрийн Думаар батлуулахаар танилцуулна.


Харин парламентын доод танхим нэг долоо хоногоос хэтрэхгүй хугацаанд шийдвэрээ гаргах ёстой. Тус танхимын спикер Вячеслав Володины хэлснээр, 13-ны өдөр буюу даваа гарагт депутатууд Засгийн газрын шадар сайдад нэр дэвшсэн хүмүүсийн асуудлыг, мягмар гарагт сайдад нэр дэвшсэн хүмүүсийн асуудлыг тус тус хэлэлцэнэ. Үүний дараа томилгоог Ерөнхийлөгч батлах ёстой.


Харин Батлан хамгаалах яам, Дотоод хэргийн яам, Онцгой байдлын яам, Гадаад хэргийн яамны сайд нар, мөн Холбооны аюулгүй байдлын албаны даргыг парламентын дээд танхим болох Холбооны зөвлөлтэй зөвшилцсөний үндсэн дээр Ерөнхийлөгч томилдог. Эл асуудлаарх зөвлөлдөөн даваа гарагт эхэлнэ. 

Холбоотой мэдээ