СЭЛЭНГЭ: Бага насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлж, хэрэгцээнд нийцсэн цогц дэмжлэгийг үзүүлнэ
ХӨГЖЛИЙН ТӨСЛҮҮДСүхбаатар,
2024 оны тавдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. “Монгол Улсын бага насны хүүхдийн цогц, хүртээмжтэй хөгжлийг дэмжих нь”
төслийн нээлт өнөөдөр Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын
Иргэний танхимд боллоо.
“Монгол Улсын бага насны хүүхдийн цогц, хүртээмжтэй
хөгжлийг дэмжих нь” төсөл нь нийслэлийн Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан
дүүрэг, Баянхонгор, Сэлэнгэ аймагт хэрэгжих юм байна.
Төслийн гол
зорилго нь бага насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлж, тэдний хэрэгцээнд
нийцсэн цогц дэмжлэгийг үзүүлэхэд чиглэжээ.
Японы
Хүүхдийг ивээх сан Япон Улсын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр хэрэгжиж буй уг
төсөл энэ оны 4 дүгээр
сарын 1-ний
өдрөөс хэрэгжиж эхэлсэн байна.
Сэлэнгэ
аймагт хэрэгжих уг төслийг танилцуулах уулзалтыг өнөөдөр зохион байгуулав. Уулзалтад аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын
хэлтэс, БШУГ, ЭМГ, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол,
нийгмийн хамгааллын салбар комисс болон “Эмнэх баг” Өрхийн эрүүл мэндийн төв,
Сүхбаатар сумын 6 дугаар цэцэрлэгийн удирдах, ажилтнууд, эмч, багш нарын
төлөөлөл оролцлоо.
Уулзалтын
үеэр төслийн
ажилтан Г.Уянга, “Эмнэх
баг” Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Ц.Цэцэгсүрэн, Сүхбаатар сумын 6 дугаар
цэцэрлэгийн эрхлэгч Д.Одгэрэл нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг
зурж, төслийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, харилцан хүлээх эрх, үүргээ
тодотголоо.