БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко айлчлалаа өндөрлүүлэхийн өмнө дурсгалын мод тарилаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар, 2024 оны зургадугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко манай улсад энэ сарын 1-4-ний өдрүүдэд төрийн айлчлал хийв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко нар уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт зэрэг дэлхий нийтэд тулгамдаж буй сорилтыг даван туулах хүч чармайлтад хувь нэмрээ оруулахыг бэлгэдэж “Монгол соёлын парк” цогцолборт дурсгалын мод тарьсан юм. Ерөнхийлөгч А.Г.Лукашенко мөн Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт зочлох үеэрээ нүүдэлчин ахуй, зан заншилтай танилцан, морьт харваа, ардын урлагийн тоглолтын дээжээс толилуулсан бэсрэг наадам үзэж сонирхлоо.
Ерөнхийлөгч А.Г.Лукашенко төрийн айлчлалынхаа үеэр “Чингис хаан” Үндэсний музейд зочилж, нүүдэлчдийн анхны төрт улс Хүннү гүрнээс эхтэй улс, хаад болон төрийн түүхтэй танилцлаа.
Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенкогийн Монгол Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөв. Ерөнхийлөгч А.Г.Лукашенког “Чингис хаан” олон улсын нисэх буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн сайд С.Ф.Алейник болон албаны бусад төлөөлөгч үдэн мордууллаа.