Орон нутгийн өмчит цөм сүргийн үржлийн төвтэй боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар аймгийн цөм сүргийн үржлийн төв байгуулах тухай хэлэлцэж баталлаа.
Орон нутгийн өмчит цөм сүргийн үржлийн төвийн гол зорилго нь малын чанар, үүлдэр угсааг сайжруулах, үржил селекцийг бодлогын хяналтан дор мэргэжлийн баг хийх, цаашдаа малын чанарыг сайжруулах арга хэмжээг мал аж ахуйн төлөвлөлт, зохион байгуулалттайгаа уялдуулж, мэргэжлийн түвшинд хийж хэрэгжүүлэхэд оршиж байгаа ажээ.
Монгол орон даяараа малчид малын тоонд анхаарч түүнийг нь төр засаг нэлээд дэмжиж шагнаж урамшуулдаг байсан. Одоо бол тоонд биш чанарт анхаарч, байгаа бэлчээртээ тохируулж малаа маллах, 500 малтай айл 1000 малаас ашиг авах хэмжээний чанарлаг малтай болох, тэгээд монгол мал эрүүл байх ёстой гэдэг зорилгын хүрээнд бодлогын түвшинд хэрэгжүүлж байгаа ажлуудын нэг нь энэхүү төв юм.
Цөм сүргийн үржлийн төв нь энэ сараас аймгийн Засаг даргын удирдлага дор үйл ажиллагаагаа эхлүүлэх юм.
Б.Гэрэлт-Од