"Жи тайм" компанийн ажиллагаанаас болж 10 мянга гаруй хүн хохироод байна гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2017-04-10 15:22:33

Улаанбаатар / МОНЦАМЭ/. “Жи тайм” компанид элсэгчдийн төлөөлөл өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Өнгөрсөн 10 дугаар сараас Монголд үйл ажиллагаа явуулсан “Жи тайм” компанийн үйл ажиллагаанаас болж 10 мянга орчим иргэн хохирогч болсон хэмээн гомдол гарснаар  энэ хэргийг Улсын мөрдөн байцаах газраас шалгаж байна.

Өнөөдрийн хэвлэлийн хурал хийсэн хэсэг иргэд "Тус компанид элсэн, үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд тэд өөрсдийгөө хохирогч биш" хэмээн мэдэгдэв. Тэд “Тус компани Монгол Улсад  үйл ажиллагаа эрхлэх албан ёсны зөвшөөрөлтэй ажиллаж байсан, улсад татвараа төлж байхад Цагдаагийн байгууллагаас энэ компанийн үйл ажиллагааг зогсоосныг эсэргүүцэж  байна. Хэрэв компанийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байсан бол элсэгчид мөнгөө аваад, үйл ажиллагаа нь хэвийн үргэлжлэх байсан” гэв. Элсэгчдийн төлөөлөгч Н.Тогоонхорол “Энэ компанийн үйл ажиллагааг буруу гэж үзэж байсан бол Улсын бүртгэлийн газар анхнаасаа бүртгэж авахгүй, татвар төлүүлэхгүй байх байсан. Төр үйл ажиллагааг нь хүлээн зөвшөөрч, бүх дүүргийн татварын хэлтэст “Жи тайм” компанид элссэн хүмүүс авсан мөнгөнийхөө хэмжээгээр татвар төлсөн. Хэрэв энэ компанийн үйл ажиллагаа буруу, хууль зөрчиж байгаа бол компанийн ажилчдаас татвар авахгүй, үйл ажиллагааг нь шууд зогсоох эрх нь төрд байж л байсан. “G-time” корпорациас бараа худалдаж авахаар мөнгөө шилжүүлсэн олон  мянган хүн эдийн засаг, санхүүгийн хараат байдалд орж, сэтгэл санааны асар их дарамтад ороод байна. Тус компанийн шууд худалдааны бизнесийг эрхлэгчид ах, дүүсээсээ зээл авч, эхнэр нөхөр, хамаатан саднаа татан оролцуулсан 30-192 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн ч нэг төгрөг буцаан авч чадаагүй олон хүн  бий. Тиймээс маркетингийн зарчмаар шударгаар ажиллаж байсан хүмүүсийн мөнгийг дундаас нь луйварддаг бүлэг хүмүүсийн уршгаар өнөөгийн энэ нөхцөл үүсээд байгаа" гэдгийг онцлов. “Жи тайм” компанид элсэгчдийн дунд 8000 ам.долларын цалин авч, өөрийн багийн нэг ч хүнийг хохироогоогүй ажиллаж байсан баг  ч байжээ. Одоогийн нөхцлөөс болоод хохиролгүй хүмүүс ч хохирох болсон байна. "Өнгөрсөн хугацаанд тус компани нэг тэрбум 250 сая төгрөгийн татварыг улсад төлсөн. 2016 оны 11 дүгээр сарын 18-ны байдлаар нэг тэрбум 398 сая төгрөгийн татвар төлөхөөр төлөвлөж байсан" гэдгийг ч тэд хэлж байв. 

“Жи тайм” компаниийн захирал Ж.Марат тэргүүтэй хүмүүсийн хэргийг хууль хяналтын байгууллагаас шалгаснаас хойш  бизнест  хөрөнгө оруулсан иргэдийн нэг нь ч хохирлоо барагдуулаагүй, хэргийг  шалгаж дуусахыг хүлээвэл улам  хүнд,  хурцадмал  байдалд орох  тул хохирогчид нэгдэж, өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалах, санхүүгийн хүнд байдлаас гарахын төлөө цаашид тэмцлийн олон хэлбэрийг сонгоно гэдгээ энэ үеэр  илэрхийллээ.  “Жи тайм” корпорацийн Монгол дахь албан ёсны салбарын ерөнхий захирал Ж.Марат тэргүүтэй зургаан хүнийг хил даван, оргон зайлахыг завдсан хэмээн 2017 оны хоёрдугаар сарын 16-нд баривчлан саатуулсан.

Ж.Маратыг Монгол Улсад сүлжээний бизнес эрхэлж, пирамид хэлбэрээр олон мянган хүнийг элсүүлж, мөнгө угаах аргаар дансандаа 6 тэрбум төгрөг хуримтлуулсан гэсэн үндэслэлээр мөрдөн байцааж байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ