Архангай аймагт энэ онд 125 айлын 4 орон сууц баригдана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай /МОНЦАМЭ/. Сүүлийн жилүүдэд Архангай аймагт орон сууцны барилга эрчимтэй баригдаж, айл өрхүүд шинэ, тохилог, дулаахан байранд ая тухтай амьдрах боломж эрс нэмэгдсэн. Энэ онд л гэхэд шинээр 125 айлын орон сууц баригдахаар болсон байна.
Архангай аймагт 2010 оноос хойш 719 айлын 17 орон сууцыг ТОСК-ийн болоод Архангай аймгийн барилгын компаниуд барьж ашиглалтанд оруулжээ.
Архангай аймгийн төв Эрдэнэбулган сум 5400 гаруй өрхтэй, үүнээс 1200 өрх нь орон сууцанд амьдарч байна. Харин Тамир, Цагаан даваа зэрэг гэр хорооллын 480 айлыг цэвэр бохир усанд холбож, өөрийн хашаандаа орон сууцанд амьдарч байгаа мэт ая тухтай амьдрах тохилог орчныг бүрдүүлжээ.
Энэ мэтчилэн иргэдийг орон сууцжуулах, ипотекийн 5, 8 хувийн зээлд хамруулах ажил шат дараатай хийгдэх юм байна.
Б.Гэрэлт-Од