32 мянга гаруй иргэнийг аюулгүй талбайд нүүлгэн шилжүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2017-04-11 16:10:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОБЕГ-аас Хөвсгөл аймагт зохион байгуулж Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд болзошгүй аюул тохиолдсон үед иргэдийг аюулгүй газар түр нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг Мөрөн сумын хэмжээнд өнөөдөр зохион байгууллаа.

Энэ удаагийн дадлага сургууль нь түр цугларах аюулгүй байршлыг иргэдэд таниулах, гамшгийн дараах нүүлгэн шилжүүлэлтийн талаар мэдлэг ойлголт өгөх зорилготой бөгөөд өнөө өглөө 08.30 цагт дуугарсан зарлан мэдээллийн дуут дохиогоор иргэд аюулгүй талбайд цугларав. Тус сумын нутаг дэвсгэрт зарлан мэдээллийн дуут дохиог 6 байршилд суурилуулж, болзошгүй аюул тохиолдсон үед иргэдийн аюулгүй газар түр цугларах байршлыг сонгоод байсан юм.

Газар хөдлөлтийн гамшгийн үеийн нүүлгэн шилжүүлэх дадлага сургуульд нийт 32 мянга гаруй иргэн хамрагдаж, дадлага сургуульд идэвхтэй оролцжээ. Ийнхүү 32 мянган иргэн аюулгүй талбайд цугларсан нь Монгол Улсын хэмжээнд анхны тохиолдол болж байгаа аж. 

Б.Туул

Холбоотой мэдээ