Автомашины онцгой албан татварыг нэмэх хугацааг хойшлуулахыг шаардав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2017-04-15 17:07:15
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Автомашин импортлогч хувь, аж ахуйн нэгжүүдийн зүгээс цахилгаан болон хийн автомашины онцгой албан татварыг нэмэх хугацааг долдугаар сарын 01 хүртэл хойшлуулахыг төрийн өндөрлөгүүдээс шаардлаа.

Уг шаардлагыг өнөөдөр болсон “Оффшороос төрөө цэвэрлэе” жагсаалын үеэр танилцуулав. УИХ 2017 оны төсвийн тодотголд цахилгаан болон хийгээр ажилладаг автомашины хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж, насжилтаас хамааруулж, онцгой албан татварын хэмжээг 40-250 хувиар нэмэхээр тусгасан. Уг зохицуулалтыг хийснээр суудлын автомашины онцгой албан татварын орлого 57.3 тэрбум төгрөгт хүрнэ хэмээн тооцоолсон байна.

Автомашины онцгой албан татварыг нэмснээр одоо 6-10 сая төгрөгийн үнэтэй байгаа 10-15 сая төгрөг болох магадлалтай гэдгийг аж ахуйн нэгжүүд шаардлагадаа онцлоод, “Татвар нэмэгдэхэд 16 хоногийн хугацаа л үлдсэн байна.Эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед татварыг гэнэт, огцом нэмж байгаа нь олон аж ахуйн нэгжүүдийг санхүүгийн бэрхшээлд оруулах магадлалтай. Тиймээс хуулийн хэрэжилтийн хугацааг долдугаар сарын 01 хүртэл хойшлуулж, аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн асуудлаа шийдвэрлэх хугацаа олгохыг шаардаж байна” гэжээ.

Ч.Ариунболд
Холбоотой мэдээ