Оффшорын эсрэг жагсаал суулт руу шилжлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2017-04-15 19:55:36
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Оффшорын эсрэг нэгдсэн хөдөлгөөн”, “Ард түмний онц түр зөвлөл” ТББ-аас санаачлан зохион байгуулсан “Оффшороос төрөө цэвэрлэе” жагсаал суултын хэлбэрт шилжлээ.

Өнөөдөр 14.00-17.00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд болсон уг жагсаалаар оффшорт мөнгө нуусан иргэдэд хариуцлага тооцох, мөнгийг Монгол Улсад эгүүлэн татахыг төрийн өндөрлөгүүдээс шаардсан. Энэ сарын 10-нд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нарын гишүүд оффшорын эсрэг лобби бүлэг байгуулсан юм. Өнөөдрийн жагсаалд лобби бүлгийн гишүүдийг оролцоно гэсэн хүлээлттэй байсан ч ирсэнгүй хэмээн “Оффшорын эсрэг нэгдсэн хөдөлгөөн”-ийн тэргүүн Б.Батсайхан хэллээ.

Тэрбээр, “Бид суултаа даваа гараг хүртэл үргэлжлүүлнэ.Даваа гарагт УИХ-ын гишүүд ажилдаа ирэхдээ бидэнтэй уулзаж, шаардлагыг минь хүлээж авна гэж найдаж байгаа. Бидэнтэй ирж уулзахгүй бол суултаа үргэлжлүүлэх болно” гэв.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ
Холбоотой мэдээ