“Мэлхийт” хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2015-10-29 16:48:31

Өнөөдөр нийслэлийн 376 жилийн ойн баярын өдөр тохиож байна. Жил бүр нийслэлийн ойн өдрөөр  “Нийслэлийн туг”-ийг  мандуулдаг уламжлалтай.  Морин цагт Их эзэн Чингис хааны талбайд “Монгол Улсын Төрийн дуулал” -ыг эгшиглүүлж,  “Нийслэлийн туг”-ийг мандууллаа.

Туг мандуулах ёслолд нийслэлийн Удирдлагууд болон Их эзэн Чингис хааны талбайд баяраа тэмдэглэхээр хүрэлцэн ирсэн нийслэлийн иргэд оролцсон юм. Үүний дараа  Нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт” хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ. Одоогоос 376 жилийн тэртээ 1639 онд өндөр гэгээн Занабазарыг Их Монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөн өргөө байгуулснаар Монгол Улсын нийслэлийн үүслийг тавьсан түүхтэй. Тэр цагаас хойш 28 удаа бууриа сэлгэж, 1778 онд Богдхан уулын ар, хатан Туулын хөвөө, сэрүүн Сэлбийн дэнж, Хүн чулууны хонхорт суурьшихдаа нүүдэллэн ирсний тэмдэг болгож “Хүн чулуун хөшөө”-гөөр шав тавьжээ. Энэхүү түүхэн үйл явдлыг мөнхжүүлэх, хойч үедээ таниулан сурталчлах зорилгоор тус шав тавьсан газрын хойхно хэсэгт 1994 онд дурсгалын “Мэлхийт” хөшөөг босгож, нийслэлийнхээ ойгоор хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтсон юм.

 Б.Заяа

Холбоотой мэдээ