Санкт-Петербург хот 3 хоногийн гашуудал зарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ
dogsom@montsame.mn
2015-11-02 13:50:09

Санкт-Петербургийн  амбан захирагч Георгий Полтавченко  онгоцны ослын улмаас амь эрсэдсэн зорчигчдын гашуудал дахин хоёр  хоног үргэлжлэх  шийдвэр гарсан  тухай мэдэгдэл хийв.

11 дүгээр сарын 1-ний өдөр Орос улсад үндэсний гашуудлын өдөр байсан юм. Харин Санкт-Петербург хотод гашуудал энэ сарын 2, 3-ны өдөр үргэлжилнэ. Учир нь сүйрсэн онгоцонд явсан   227 зорчигчийн 147 нь Санкт-Петербургийн, 44 нь Ленинград мужийн болон тус улсын 14 бүс нутгийн болоод Украйн, Беларусын иргэд байв. 

 Уг онгоц өнгөрсөн  бямба гаригийн 12 цаг 10 минутад   Санкт-Петербург хотын  Пулково олон улсын онгоцны буудалд буух ёстой байсан. Осол гарсан өдрөөс  хойш олон зуун хүн Пулковын онгоцны буудалд ирж амь үрэгдэгсдийн хөрөгт  лаа,  цэцгийн баглаа, зөөлөн тоглоом өргөн эмгэнэл илэрхийлсээр байна. Осолдсон хүмүүсийн дунд нийт 27 хүүхэд байжээ.  

 Өнгөрсөн бямба гаригт Шарм Эйль Шейх –Санкт –Петербургийн чиглэлд нисч явсан  Оросын “Когалымавиа” компаний А-321 онгоц Египтийн Синайн хойгт осолдсон юм. Онгоцны зорчигчид болон нисэх багийн гишүүдээс нэг ч хүн амьд үлдээгүй. Энэ осол нь Оросын иргэний нисэх хүчний түүхэнд хамгийн олон хохирогчтой эмгэнэлт явдал  болов.

Москва хот. А.Огторгуймаа     

Холбоотой мэдээ