Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг үйлдэгчдийг ял шийтгэлгүй өнгөрөөхгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2015-11-02 16:57:38

Өнөөдөр Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр тохиож байна.

НҮБ-ын Ерөнхий Ассамблей жил бүрийн 11 дүгээр сарын 2-ны өдрийг “Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр” болгохыг 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн чуулганаар 163 дугаар тогтоол баталсан юм. 2013 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Мали улсад ажлаа хийж явсан Францын хоёр сэтгүүлч хэрцгийгээр аллагад өртсөн явдлыг хүндэтгэн дурсах үүднээс энэ өдрийг дэлхий нийтээр тэмдэглэдэг болсон түүхтэй. Дэлхий хэмжээнд өнгөрсөн 6 жилийн хугацаанд 540 сэтгүүлч, хэвлэл мэдээлийн ажилтны амийг хөнөөсөн явдал гарчээ. Гэвч үүний 10 хүрэхгүй хувь нь шийдэгдсэн гэх тоо баримт байна.

Хоёр дахь жилдээ тэмдэглэж буй эл өдрийг тохиолдуулан ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Ирина Боковагийн илгээлтдээ “Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг үйлдэгчдийг ял шийтгэлгүй өнгөрөөж байгаа нь бидний тэмцэл, хамтын үнэт зүйлс, нийтийн зорилгод харшилж байна. Тиймээс сэтгүүлчдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах, хуулийн дагуу зохих шийтгэл хүлээлгэхийн тулд хууль тогтоомж, нөөц бололцоогоо дайчлан шаардлагатай арга хэмжээ авахыг уриалж байна” гэжээ.

“Глоб интернэйшнл” ТББ-аас зохион байгуулсан хэлэлцүүлгийн үеэр сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл Монголд жил ирэх тусам  нэмэгдэж буйг  салбарынхан онцоллоо. Ажил, үүргээ гүйцэтгэж яваа сэтгүүлчийг эрх мэдэлтнүүдийн зүгээс буруутан болгох, сүрдүүлэх, баривчлах, хувийн аюулгүй байдалд халдах явдал байсаар байгаа аж. Гэтэл ажил үүргээ гүйцэтгэж яваа сэтгүүлчийг хохироосон хүнд арга хэмжээ авсан тохиолдол  цөөн бөгөөд сэтгүүлчийн эсрэг гэмт үйлдэл гаргасан хоёр хүнд л арга хэмжээ авчээ.

Тодруулбал сонгуулийн үеэр сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаанд халдах, дарамт шахалт үзүүлж, хорих асуудал нэмэгддэг. Тиймээс сэтгүүлч мэргэжлийн ёсзүйгээ баримтлан, баримтыг өндөр хэмжээнд нягтлах нь өөрийгөө хамгаалах гол хөшүүрэг гэдгийг албаныхан тодотголоо.

 Б.Заяа

Холбоотой мэдээ