Хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо буурч, тэдний 78 хувийг компани, хувь хүн эзэмшиж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2018-05-03 13:40:46
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Хэвлэлийн хүрээлэнгээс Монголын хэвлэл мэдээллийн салбарын статистик мэдээлэл бүхий “Монголын хэвлэл мэдээлэл-Өнөөдөр” 2018 оны тайланг хэвлэн нийтэлсэн болон энэ салбарын хөгжлийн чиг хандлагын талаар өөрийн мэдээллийн төвд мэдээлэл хийсэн юм.

Тус хүрээлэн “Монголын хэвлэл мэдээлэл-өнөөдөр” мониторингийн судалгааг сүүлийн 19 жилийн турш тогтмол хэрэгжүүлснээр 1999 оноос хойшхи хэвлэл мэдээллийн салбарын өөрчлөлт, хөгжлийг баримтжуулан, чиг хандлагыг тодорхойлоход хувь нэмрээ оруулж байгаа юм.

Судалгаанаас харахад, Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбарт 434 байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа аж. Сүүлийн таван жилд уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгсэл /ХМХ/-ийн тоо буурчээ. Тухайлбал, 2017 онд өмнөх оноос ХМХ-ийн тоо 16-гаар багасчээ. Нийт хэвлэл мэдээллийн байгууллагуудын 78 хувийг хувийн компани, хувь хүн эзэмшиж байна. Хэвлэмэл сонины борлуулалтын тоо өмнөх жилээс тав гаруй хувь, сэтгүүлийн тоо 36 орчим хувиар буурсан байна. Харин радиогийн долоо хоногийн нэвтрүүлгийн нийт цаг, нэгээр, телевизийнх хоёр цагаар хасагджээ. Уламжлалт мэдээллийн хэрэгслийн тоо буурах хэрээр цахим сайтын тоо жилээс жилд өсөх болжээ. Харин 2015 оноос сайтын тоо харьцангуй тогтворжиж, энэ оны эхээр 100 мэдээллийн сайт тогтмол ажиллаж байна. Уламжлалт мэдээллийн хэрэгслээр агуулгаа цацах, сурталчилах, захиалга авах эрчимжиж байгаагаас фэйсбүүк чухал үүрэгтэй болж байна. Тодруулбал, ХМХ-ийн 60 гаруй хувь нь өөрийн байгууллагын фэйсбүүк хуудсыг ажиллуулдаг болсон байна. Өнөөдөр хэвлэл мэдээллийн салбарт 4500 орчим хүн ажиллаж байгаагаас тал нь сурвалжлагч, сэтгүүлч, редактор байна. Харин нийт сэтгүүлчдийн 49 хувь нь сэтгүүлч мэргэжлээр дээд боловсрол эзэмшжээ. Энэ салбарт ажиллаж байгаа хүний 55 хувь нь телевизид ажиллаж байна. Манай улсын хэвлэл мэдээллийн салбарын уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болох сонин, сэтгүүл, радио, телевиз, мэдээллийн сайт, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон хэвлэл мэдээллийн боловсон хүчний өнөөгийн байдлын талаар энэ тайланд нэгтгэн оруулжээ.

Энэхүү 2017 оны ХМХ-ийн тоон мэдээлэл бүхий судалгааны мэдээллийг бүрдүүлэх ажил 2018 оны 1-4 дүгээр сар хүртэл хийгдсэн байна. Харилцаа холбооны зохицуулах хороо, Монголын сайтын холбоо, шуудан компаниудаас ирүүлсэн мэдээлэл болон тус хүрээлэнгийн мэдээллийн бааз дээр үндэслэж нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 300 гаруй, орон нутаг дахь 100 орчим хэвлэл мэдээллийн байгууллагын мэдээллийг нэгтгэсэн байна.

Дашрамд дуулгахад, Өнөөдөр Монголын зах зээл дээр байгаа 400 орчим хэвлэл мэдээллийн мэдээллийн хэрэгсэл нь 3 сая гаруйхан хүн амтай улс орны хувьд дэлхийн нийтийн жишигтэй харьцуулахад дээгүүрт орох нь тодорхой. Харин энэ байдал нь манай улс дэлхий нийтийн чиг хандлагатай хөл нийлээгүй гэсэн хэрэг биш. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн цахимжих хандлага нэмэгдэхийн зэрэгцээ мэдээллийн хурд эрс өсч, цар хүрээ нь өргөжсөөр байна. Үүнтэй зэрэгцээд хуурамч, сенсаац хөөсөн мэдээлэл газар авах хандлага илэрхий өсөн нэмэгдэх болов. Иймд эрэн сурвалжилсан даацтай, эх сурвалжтай мэдээллийг иргэд, хэрэглэгчид үгүйлэх болжээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслийг эзэд нь өөрийн ашиг сонирхолд ашиглах байдал манай хэвлэл мэдээллийн салбарт ердийн үзэгдэл болсныг ч иргэд ихэд шүүмжлэх болсон. Өнөөдөр хараат бус сэтгүүл зүй, ил тод шударга өрсөлдөөн, ус, агаар мэт Монголын хэвлэл мэдээллийн салбарт үгүйлэгдсээр байна.

      Д.Өлзий         
Холбоотой мэдээ