Европт 7200 нэр төрлийн бүтээгдэхүүн татваргүй гаргах боломжтой

ВИДЕО МЭДЭЭ
177@montsame.mn
2018-06-15 13:40:42
Европын холбооны зах зээлд бүтээгдэхүүн нийлүүлдэг болон шинээр бараа экспортод гаргах сонирхолтой аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл өгөх зорилго бүхий “Европын холбооны худалдааны өдөрлөг” өнөөдөр  МҮХАҮТ-д  боллоо.

Уг өдөрлөгийг Европын холбооны санхүүжилтээр дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлж буй “ЕU-TRAM” (Монголын худалдааг дэмжих) төслийн хүрээнд зохион байгуулж буй юм. Монгол Улс өнгөрсөн онд  Европын холбооны зах зээлд 67 сая  еврогийн борлуулалт хийсэн бөгөөд үүний 40 хувийг нэмүү өртөг шингээгүй, хагас боловсруулсан түүхий эд эзэлснийг дурьдсан юм.
  
Монгол Улс Европын холбоотой 2005 оноос хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд тус зах зээлд нийт 7200 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн гаалийн татваргүй гаргах боломжтой. Гэвч сүлжмэл эдлэл, хивс, хагас боловсруулсан арьс шир зэрэг цөөн нэр төрлийн бүтээгдэхүүн гаргаж буй юм. Тиймээс дэлхийн нийт импортын 16 хувийг дангаараа бүрдүүлж буй Европын холбооны зах зээлд гаргах бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх зайлгүй шаардлагатай гэдгийг өдөрлөгт оролцогчид онцолж байлаа.
 
Өдөрлөгт хувийн хэвшил, төрийн байгууллага, их дээд сургуулийн 200 гаруй төлөөлөгч оролцсон бөгөөд энэ үеэр Европын холбооны зах зээлд бүтээгдэхүүн гаргаж буй аж ахуйн нэгжүүдийн үзэсгэлэнг зохион байгуулав.




 
Холбоотой мэдээ