АНУ vs Турк: Дипломат дайны өрнөл худалдааны дайнд хүргэсэн нь

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2018-08-19 11:31:52
НАТО-гийн эвсэлд эзлэх байр суурь, цэрэг зэвсгийн хүчин чадлын хувьд  хамгийн хүчирхэг холбоотнууд болох АНУ, Турк хоёр илт зөрчилдөж, тэдний хооронд дэгдсэн дипломат дайн нь худалдааны дайн болж хурцадлаа. Ийм ширүүн сөргөлдөөн Вашингтон, Анкара хоёрын хооронд өмнө нь хэзээ ч болж байгаагүй юм. 

Өнгөрсөн оны 10 дугаар сард Истанбул дахь АНУ-ын Консулын газрын ажилтан, Туркийн иргэн Метин Топуз-ыг тагнуул хийсэн, төрийн эргэлт хийх оролдлогод хамаатай гэх үндэслэлээр Туркийн эрх баригчид баривчилсан нь хоёр улсын хооронд  дипломат дайн дэгдэхэд хүргэжээ. Баривчилгаанаас үүдэн Америкийн тал Туркийн иргэдэд цагаачлалын бус виз олгохоо зогсоосон бол Туркийн тал үүнтэй ижил хариу алхам хийсэн байна.  

2016 оны зун Турк улсад төрийн эргэлт хийх гэсэн оролдлого гарсны дараагаас л Вашингтон, Анкара хоёрын харилцаанд ан цав сууж эхэлсэн юм. Төрийн эргэлтийг зохион байгуулсан буруутан гэгдэж буй ФЕТО гэдэг “террорист” байгууллагын удирдагч Фетулла Гүлэнийг Туркт шилжүүлэн өгөхөөс АНУ-ын тал татгалзсан бөгөөд үүнийгээ “гэмт хэрэгтнийг шилжүүлэн өгөх тухай хэлэлцээр хоёр улсын хооронд байгуулагдаагүй” гэдгээр тайлбарладаг.

Гүлэний асуудлаас гадна Америкийн шашны номлогч Эндрю Брансоныг туркчууд баривчилсан нь гал дээр тос нэмэхийн адилаар хоёр улсын харилцаанд нөлөөллөө. Америкийн тал Брансоныг суллаж, эх оронд нь шилжүүлэн өгөхийг шаардсан боловч Туркийн эрх баригчид эрс татгалзсан. Э.Брансоныг тагнуул хийсэн,  “террорист” Фетула Гүлэнтэй холбоотой гэж буруутгаж байгаа аж. Туркийн Ерөнхийлөгч Эрдоганы хувьд дээрх асуудлуудаар АНУ-тай үг хэлээ ололцож чадна гэж найдаж байсан боловч  ямар ч боломжгүй гэдэг нь одоо нэгэнт илэрхий болжээ. 

 
Гүлэн, Брансон нар болон визтэй холбоотой асуудлуудаас гадна хоёр талын харилцаанд ан цав суулгасан зөрчлүүд хэд хэд бий.  

-Туркийн нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улс орны тогтвортой байдалд аюул занал учруулж буй курдуудыг америкчууд дэмжиж байгаад Туркийн тал илт дургүйцдэг. Сирийн курдууд АНУ-аас зэвсэг техник авч, “Лалын улс” бүлэглэлийн эсрэг тун амжилттай тулалдаж байв. Гэтэл энэ оны эхээр Туркийн арми Сирийн хойд нутагт амьдардаг курдуудын эсрэг “Оливийн модны мөчир” гэдэг нэртэй цэргийн ажиллагаа явуулж билээ. Хачирхалтай нь, АНУ тун даруухан байр суурьтай байж, цэргийн ажиллагаагаа зогсоо гэж Эрдоганаас шаардсангүй.

-Ираны цөмийн хэлэлцээрээс АНУ гарч, Трампын засгийн газар Тегераны эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээгээ сэргээснийг Туркийн тал дэмжсэнгүй. Учир нь, импортолж буй газрын тосныхоо тал хувийг туркчууд Иранаас худалдан авч, оронд нь өөрийн оронд үйлдвэрлэсэн бараагаа их хэмжээгээр экспортолдог.

-Өөр нэгэн шалтгаан гэвэл, Туркийн тал Орост үйлдвэрлэсэн агаарын довтолгооноос хамгаалах С-400 системийг худалдан авах гэж байгаа нь Трампын дургүйг хүргэсэн бололтой. Туркууд Оросоос зэвсэг худалдан авах нь НАТО-гийн эвслийн эв нэгдэлд хагарал үүсгэнэ гэж америкчууд үзсэн нь илт.



-Түүнээс гадна, Ерөнхийлөгч Эрдоган америкчуудын “атаат дайсан” болчихоод буй Венесуэлийн удирдагч Николас Мадуротой уулзахдаа, “Венеуэльд гаднаас шахалт үзүүлж байгааг” буруушаагаад, Мадурог бүх талаар дэмжихээ илэрхийлсэн байдаг.

Энэ мэтээр зөрчлүүд ид хурцдаж байх үед Туркийн Төв банк АНУ-ын Холбооны нөөцийн санд хадгалуулж байсан 28,7 тонн алтаа гэнэт татан авсан нь Вашингтоны эгдүүцлийг төрүүлсэн нь ойлгомжтой. 

“Дипломат дайн”-ы өрнөл Туркийн эдийн засагт доргилт үүсгэсэн нь

Ийм байдлаар хоёр жилийн өмнөөс ээдрээтэй болсоор байгаа Анкара, Вашингтон хоёрын харилцаа 8 дугаар сарын 1-нээс хойш эрс хурцадлаа. Энэ өдөр АНУ-ын эрх баригчид Туркийн Гадаад харилцааны  сайд болон Хуульзүйн сайдын эсрэг хориг тавих шийдвэр гаргасан нь Америкийн шашны номлогч Эндрю Брансоныг суллахаас татгалзсаны хариуд авсан арга хэмжээ гэдэг нь илт. Мөн 10-ны өдөр Туркээс импортолж буй ган, хөнгөн цагаанд 50 хувийн татвар ногдуулах шийдвэрийг Д.Трамп гаргасан нь байдлыг улам ч ээдрээтэй болголоо. Уг шийдвэр гарсан өдөр Туркийн мөнгөн тэмдэгт болох лирийн ханш 18 хувиар унаж, хөрөнгийн биржийнхэн  сандралд оров.   

Хамгийн сүүлд ирсэн мэдээллийг үзвэл, Д.Трампын шийдвэрийн хариуд  Ерөнхийлөгч Тайип Эрдоган маш хатуу арга хэмжээ авч, импортын хөнгөн тэргэнд 120 хувийн, согтууруулах ундаанд 140 хувийн, тамхинд 60 хувийн, гоо сайхны бараанд 60 хувийн татвар ногдуулсан байна. Үүний сацуу Орос, Хятад, Украин, Иран зэрэг худалдааны гол түншүүдтэйгээ төлбөр тооцоог үндэсний валютаар хийхэд бэлэн гэдгээ Эрдоган мэдэгдлээ. 

“Тэд /америкчууд/ биднийг өвдөг сөхрүүлэх гэж оролдож байна, АНУ бидний хөл рүү буудаж, ар нуруу руу хутга шааж байна" гэж Туркийн төрийн тэргүүн буруушаагаад "гэхдээ энэ бүхнийг жаахан тэвчихэд л бид хүнд байдлыг давж чадна” гэж ард түмнээ зоригжуулсаар байгаа юм. Үндэснийхээ валютыг аврахын тулд өөрт байгаа доллар, еврогоо зарахыг тэрбээр ард иргэддээ уриаллаа. 

Төр, ард түмний эв нэгдлийн ачаар бид манай улсын эсрэг зарласан эдийн засгийн дайнд ялж чадна гэж Туркийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Фахреттин Алтун мэдэгджээ. 

Энэ мэтээр зоримог мэдэгдлүүд хийсээр байгаа боловч бодит байдал дээр Туркийн эдийн засгийн байдал маш хүнд байна.

Он гарснаас хойш лирийн ханш 45 хувиар, сүүлийн долоо хоногт 25 хувиар унажээ. 2009 оны хямралаас хойш үзэгдээгүй доргилт Туркийн хөрөнгийн биржүүдэд болж, хувьцааны ханш 2 дахин унав. Юмны үнэ 16 хувиар өссөн нь сүүлийн 15 жилд болж байгаагүй үзэгдэл юм. Банкууд зээлээ жилийн 20 хувийн хүүтэй олгох болжээ. Байгалийн баялгаар хомс, шатахууны хэрэглээгээ импортоор хангадаг Турк улсын хувьд нефтийн үнэ өсөх төлөвтэй байгаа нь валютын нөөцийг нь улам шавхана. Туркээс импортолж буй барааны хэмжээгээр АНУ 4 дүгээрт ордог бөгөөд хоёр талын худалдааны эргэлт жилд 12 тэрбум доллароор хэмжигддэг. Тэгэхээр АНУ-Туркийн худалдааны дайн Туркийн санхүүгийн системд хүнд цохилт болох юм.

Түүнээс гадна, Турк улс бол гангийн үйлдвэрлэлээр дэлхийд 7-8 байранд ордог бөгөөд өнгөрсөн 2017 онд гэхэд 38 сая тонн ган хайлуулснаас талыг нь экспортод гаргажээ. Туркууд жилд 15-16 сая тонн хаягдал төмрийг АНУ-аас худалдан авдаг ба хайлуулсан гангийнхаа 13 орчим хувийг Америкт нийлүүлдэг байна. Тэгэхээр Трампын ногдуулсан 50 хувийн татвар Туркийн төмөрлөгийн үйлдвэрлэлд төдийлөн хүнд цохилт болохгүй боловч “айхгүй ч гэсэн аягүй” гэдэгтэй адил юм.  

Вашингтоны эрх баригчид Туркийн эсрэг яагаад хориг арга хэмжээ авах болов? Уншигчид сайн санаж байгаа байх. Туркийн нисэх хүчин Оросын бөмбөгдөгч онгоцыг Сирид пуужингаар харваж унагасны хариуд оросууд Турк улсад маш хатуу эдийн засгийн хориг тавьсан билээ. Уг хориг туркуудэд хүчтэй нөлөөлснөөр онгоцыг нь унагасныхаа төлөө тэд Оросоос уучлал гуйснаар хоёр талын эдийн засгийн харилцаа сэргэсэн. Түүнээс гадна, Германы сэтгүүлчийг туркууд баривчилсны хариуд А.Меркелийн засгийн газар хориг арга хэмжээ авсан нь үр дүнд хүрч, сэтгүүлчийг суллаж байсан билээ.

Ийм тохиолдлуудаас санаа авсан АНУ хориг тавих нь зүйтэй юм байна гэдгийг мэдэрсэн нь илт. Хэдийгээр АНУ, Турк хоёр НАТО-гийн ойрын холбоотнууд мөн боловч америкчууд бүс нутгийн стратегийн байр сууриа хадгалах үүднээс Туркийн хийж буй үйлдлүүдийг олон жилийн турш дуугүй харж тэвчсээр иржээ. Гэтэл Турк улс бүс нутагтаа тэргүүлэгч орон болохын тулд АНУ болон НАТО-гийн бусад түншүүдийнхээ эрх ашгийг бодолцохгүйгээр шийдвэр гаргаж байгаа нь “болох болохгүйн хязгаар”-ыг давсан хэрэг мөн хэмээн Д.Трамп үзсэнээр хориг тавьж эхэлснийг ажиглагчид онцоллоо.

Худалдааны дайны үр дагавар

Импортоос маш ихээр хамаардаг Туркийн хувьд үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш унах нь 200 тэрбум долларын өрөө төлөхөд нь хүндрэл учруулна. Барилгын салбарын “бүүм” зогсч, олон хүн ажилгүй болно. Банкууд зээл өгөхөө эрс багасгаснаар сүүлийн 8 жилийн хугацаанд тасралтгүй өсч ирсэн Туркийн эдийн засаг зогсонги байдалд орно.



Эдгээр хүндрэл нь хөгжиж буй орнуудын зах зээлд нөлөөлж магадгүй бөгөөд Орос, ӨАБНУ хоёр худалдааны дайны хор уршгийг аль хэдийнэ амсчээ. Түүнээс гадна, Туркт их хэмжээний зээл олгосон Европын банкууд сандралд орох нь. Валютын нөөц нь шавхадсан тохиолдолд Турк улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаас өөр аргагүйд хүрэх боловч тус сангийн хатуу шаардлагуудыг Эрдоган дуулгавартай биелүүлнэ гэдэгт шинжээчид эргэлзэж байна.                                                                         
Гэхдээ аливаа зүйл сайн муу хоёр талтай байдаг. Лирийн ханш унаснаар бараа, үйлчилгээний экспорт идэвхжиж, Туркийн бараа хямдарч, Туркийн наранд шарлагын газрууд, зочид буудлуудын үнэ ханш буурах сайн тал бий.  

Б.Адъяахүү  
Холбоотой мэдээ