Ачаалж байна…
Ачаалж байна…
Чойжамц Отгонцэцэг

Сүхбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Сэлэнгэ аймагт явуулын эрүүл мэндийн цогц үзлэг, оношилгоо, эмчилгээ зохион байгуулж байна.
Энэхүү үйл ажиллагааг Үндэсний шүдний эрүүл мэнд, боловсролын сан (NDH) төрийн бус байгууллагын 35 хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн эмч нарын баг хэрэгжүүлж байгаа бөгөөд хүүхдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг эрт илрүүлэх, шаардлагатай тусламж, үйлчилгээг газар дээр нь үзүүлэх, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжил, арга зүйн чадавхыг дэмжихэд чиглэжээ.
Тодруулбал, 11 дүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд Сүхбаатар сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургууль дээр 1-5 дугаар ангийн 500 хүүхдийг хуваарийн дагуу үзлэгт хамруулжээ. Үзлэгээр шүд, амны хөндий, нүд, чих, хамар, хоолой болон хүүхдийн ерөнхий эрүүл мэндийг үнэлж, мэргэжлийн эмч нар цогц оношилгоог хийсэн юм.
Хүүхдийн шүд, амны хөндийн өвчлөл нь хооллох, зажлах, унтахад хүндрэл учруулж, өдөр тутмын амьдралд нь сөргөөр нөлөөлдөг. Иймээс үзлэгээр шүд, амны хөндийн өвчлөлийг илрүүлж, шаардлагатай хүүхдэд эмчилгээ хийж, мөн бусад эрхтэн тогтолцооны өвчлөл, эрүүл мэндийн эрсдэлийг тодорхойлжээ.
Мөн нарийн мэргэжлийн тусламж шаардлагатай хүүхдүүдийг дараагийн шатлалын эмнэлэгт илгээж, оношилгоо, эмчилгээг үргэлжлүүлэх нөхцөлийг бүрдүүлж байна. Ингэснээр өвчнийг илрүүлээд орхихгүй, хүүхэд бүрийг шаардлагатай эмчилгээ, хяналтад хамруулах боломжтой юм.
Хүүхдийн эрүүл мэнд нь өсөлт хөгжил, суралцах чадвар, амьдралын чанарт нь шууд нөлөөлдөг. Тиймээс насны онцлогт тохирсон урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамруулж, өвчнийг эрт илрүүлэх нь хүндрэлээс сэргийлэх, эрүүл дадал хэвшүүлэхэд чухал ач холбогдолтой.
Ийнхүү мэргэжлийн эмч нарын баг орон нутагт ажиллаж, сургуулийн орчинд хүүхдүүдийг олон чиглэлийн үзлэг, оношилгоонд хамруулж байгаа нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, өвчнийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх боломжийг бүрдүүлж байна.