Ачаалж байна…
Ачаалж байна…
Цогзолмаа Г

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Хүний амийг авран хамгаалах чухал үүрэгтэй эмийн үр нөлөөг хадгалах, бичил биетний эмэнд тэсвэржилтийн аюул заналын эсрэг тэмцэхэд иргэн бүр “Ирээдүйнхээ төлөө манлайлагч” байхыг уриалж, Монгол Улс бичил биетний тэсвэржилттэй тэмцэх дэлхий нийтийн аянд нэгдэв.
Энэхүү аяныг жил бүрийн 11 дүгээр сарын 18-24-нд дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлдэг “Бичил биетний эмэнд тэсвэржилтийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх долоо хоног”-ийн хүрээнд зохион байгуулж байна. Энэ жилийн “Нэг эрүүл мэнд, нэг үйлдэл: Бичил биетний тэсвэржилтээс өнөөдрөөс сэргийлье” сэдэв нь эмэнд тэсвэржилтийн эсрэг тэмцэл бол хүн бүрийн хамтын хариуцлага гэдгийг ЭМЯ-наас онцолж байна.
Монгол Улсын хувьд Эрүүл мэндийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам хамтран Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэмжлэгтэй “Нэг эрүүл мэнд” санаачилгын хүрээнд “Ирээдүйнхээ төлөө манлайлъя” сэдэвт аянаар дамжуулан хамтын хариуцлагын чухлыг онцлон уриалав.
Бичил биетний эмэнд тэсвэржилт гэдэг нь нян, вирус, мөөгөнцөр, шимэгч нь тэдгээрийн эсрэг эмэнд тэсвэртэй болж, улмаар эдгээр эм нь өмнөх шигээ үр дүнтэй үйлчлэхгүй болох буюу тухайн халдварыг эмчлэх чадвараа алдахыг хэлнэ. Дэлхий нийтийн хэмжээнд 2021 онд гэхэд зөвхөн нянгийн эсрэг эмийн тэсвэржилттэй холбоотой 4.71 сая хүн нас барсан байна. Улам бүр өсөн нэмэгдэж буй энэхүү аюул заналыг даван туулахын тулд хүн бүрийн оролцоо шаардлагатай. “Ирээдүйнхээ төлөө манлайлъя” аян нь иргэд, бодлого боловсруулагчид, эрүүл мэндийн ажилтнууд, малын эмч, фермерүүд, малчдыг бичил биетний эсрэг эмийн буруу, хэт хэрэглээг таслан зогсоохыг уриалж байна.
Бичил биетний эмэнд тэсвэржилтэй тэмцэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд хүн, мал амьтан, ургамал, хүрээлэн буй орчны эрүүл мэндийн хоорондын нягт уялдааг хангадаг “Нэг эрүүл мэнд” зарчмын дагуу хүн бүрийн оролцоо чухал юм. Бичил биетний эмэнд тэсвэржилт нь эдгээр харилцан холбоотой тогтолцоонд үүсэж, тархдаг тул эмэнд тэсвэржилтийн эсрэг тэмцэхэд хүний эрүүл мэнд, мал амьтны эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуй болон байгаль орчны салбарын уялдаа холбоотой хамтын ажиллагааг шаардлага үүсдэг. Бичил биетний тэсвэржилтийн эсрэг Монгол улсын авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанаас онцлон дурдвал Монгол улс 2026-2030 онд хэрэгжүүлэх бичил биетний тэсвэржилтийн эсрэг үндэсний төлөвлөгөөг “Нэг эрүүл мэнд” зарчимд тулгуурлан олон салбарын оролцоотой боловсруулж байгаа аж.
11 дүгээр сарын 23-ны өдөр бичил биетний тэсвэржилтийн эсрэг үндэсний төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг болон хүн, мал амьтны эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны салбарын төлөөллүүд дээрх төлөвлөгөөний төслийг хэлэлцэн, эцэслэн боловсруулж батлуулахад чиглэсэн үйл ажиллагааг тодорхойлох юм.