Ачаалж байна…
Ачаалж байна…
Мөнхзул Батбаяр

Баянхонгор, 2026 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймаг архины хамааралтай иргэдийг эмчилж, хөдөлмөр эрхлэлтэд зуучлан, нийгмийн амьдралд эргэн оролцуулах төсөл хэрэгжүүлж эхэллээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал архины хэрэглээ нийгмийн тулгамдсан асуудал болсныг онцолж, архины хамааралтай иргэдийг эмчлэх, нийгэмшүүлэх, амьдралын зөв хэвшилд сургах зорилгоор “Саруул Монгол” хөтөлбөрийг улс орон даяар хэрэгжүүлэхээ зарласан. Энэ санаачилгыг дэмжин Баянхонгор аймгийн Засаг дарга Э.Энхбат сэтгэц, нийгмийн сэргээн засах “Жаргалтай амьдрал” төвийг түшиглэн архины хамааралтай иргэдийг эмчлэх, цаашлаад хувь хүний ур чадвар, боломжид нь тулгуурлан хөдөлмөр эрхлэлтэд зуучлах төслийг эхлүүлсэн талаар аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.
Төслийн эхний шатанд 29-56 насны 15 иргэнийг сайн дурын үндсэн дээр хамруулж, бие засал, сэтгэл засал, хөдөлмөр заслын эмчилгээ хийж байна. Эмчилгээний дараа оролцогчдыг хувь хүний чадвар, боломжид нь тулгуурлан хөдөлмөр эрхлэлтэд зуучлах юм.
Аймгийн Засаг дарга Э.Энхбат эмчлүүлж буй иргэдтэй уулзахдаа “Амьдралд алдаж эндэж яваа иргэдээ аймаг орон нутаг эмчилж, хөдөлмөрт зуучлахаар төлөвлөж, энэ төслийг хэрэгжүүлж байна. Аав, ээж, гэр бүл, үр хүүхдийнхээ дэргэд эрүүл саруул, ажилтай, орлоготой сайхан амьдрах боломж та бүхний хичээл зүтгэлээс шууд хамаарна. Хичээгээрэй, итгэл даагаарай” хэмээн захижээ.
“Жаргалтай амьдрал” төв үйлчлүүлэгчдээ бие засал, сэтгэл засал, хөдөлмөр заслын хосолсон аргаар эмчилж байгаа бөгөөд дараагийн иргэдийг ирэх долоо хоногт хүлээн авах юм.