Ачаалж байна…
Ачаалж байна…
Мөнхзул Батбаяр

Баянхонгор, 2026 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театр 11 дүгээр сарыг “Монгол бахархал – Бүтээлч сар” болгон зарлаж, үндэсний урлагийн өв сан, уран бүтээлчдийнхээ сор бүтээлийг сэргээн тайзнаа толилуулж эхэлжээ.
Энэ сарын онцлох бүтээлээр Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Бадарчийн Батжаргалын хөгжим, төв халхын нэрт бүжиг дэглээч, Соёлын тэргүүний ажилтан Балжирын Дэлэгдоржийн дэглэсэн “Сүргийн дэргэд” бүжиг, хөгжмийн зохиолч, Соёлын тэргүүний ажилтан Барамсайн Шаравдоржийн хөгжим, Монгол Улсын гавьяат жүжигчин Цэндийн Алтанцэцэгийн дэглэсэн “Урианхай” бүжгийг сэргээн найруулж, үзэгчдэд хүргэхээр бэлтгэж байна.
Тус бүтээлүүдийг сэргээн тайзнаа тавих нь үндэсний урлагийн өвийг хадгалан хамгаалах, үе үеийн уран бүтээлчдийн туурвилыг хойч үедээ өвлүүлэх, Монголын түүх, соёл, уламжлалын үнэ цэнийг олон нийтэд таниулах зорилготой юм.
Анх 2 гэртэй, аймгийн клуб нэртэйгээр 1942 оноос үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол 1958 онд аймгийн клубийг Соёлын ордон болгон өргөтгөж орон тооны 18 жүжигчинтэй, 30 гаруй сайн дурын уран сайханчтай ажиллаж, мөн үеэс дуу, хөгжим, бүжиг, драм, үйлдвэр зохион байгуулах зэрэг мэргэжлийн ангиудтай болжээ. Харин 1977 онд 600 гаруй хүний суудалтай, 80 шахам уран бүтээлчтэй, нийт 110 ажилтантай мэргэжлийн урлагийн байгууллага болсон түүхтэй.
Театрын нээлтээр Төрийн шагналт, УГЗ Бирваа, Рэгсүрэн нарын “Эрдэнэтээлийн уянга” дуурь, “Гурван бүсийн нутаг” концертыг тоглон, аймгийн Соёлын ордон мэргэжлийн урлагийн байгууллага Хөгжимт драмын театр болсноор жинхэнэ мэргэжлийн өнгө аястай болж, хөгжимт драмын чиглэлээр хөгжих үндэс суурийг тавьжээ.
Ирэх онд тус театрын 50 жилийн ой тохионо.