Ачаалж байна…
Ачаалж байна…
Batkhuu Begz

Улаангом. 2026 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Увс нуурын ай савд амьдардаг ховор амьтдын нэг нь хадны суусар юм. Түүний тархац нутгийн 21 хувь нь улсын тусгай хамгаалалтад багтдаг.
Хадны суусар нь урт нарийхан биетэй, богино хөлтэй, өтгөн саглагар сүүлтэй. Биеийн урт 40-50 см, жин нь 2 кг гаруй байдаг. Боровтор зүстэй бөгөөд хоолойн хэсгийн салаалсан цагаан толбо нь ойн суусраас ялгагдах гол онцлог юм. Хаданд сайн авирдаг, 40-60 см зайд харайх чадвартай
Энэ амьтан хад асга, чулуурхаг уулын энгэр, уулын хээр, говийн хадархаг газрыг сонгон амьдардаг. Мөн тосгон, суурингийн ойролцоо нутаглах боловч нуугдаж хоргодох газаргүй ил задгай орчноос зайлсхийдэг. Хадны ан цав, агуй, чулуун завсар, бусад амьтны орхисон нүхийг орогнох байр болгон ашиглана.
Хадны суусар өдрийн цагаар үүрэндээ амарч, харуй бүрийд идэш тэжээлээ хайж гардаг. Гол төлөв жижиг мэрэгч амьтан, чийгийн улаан, жижиг, дунд зэргийн шувуу, тэдгээрийн өндөг, шавж, жимс жимсгэнээр хооллодог. Харин саарал чоно, цармын бүргэд, шилүүс зэрэг махчин амьтдын идэш болдог. Үржлийн үеэс бусад хугацаанд ихэвчлэн ганцаар амьдардаг.
Хадны суусрын ороо нийллэг зуны эхээр эхэлдэг. Хээл тээх нийт хугацаа 236-274 хоног үргэлжилдэг бөгөөд үр хөврөлийн хөгжил тодорхой хугацаанд түр саатдаг онцлогтой. Эмэгчин нь хавар 3-4 зулзага гаргана. Энэ амьтан байгальд дунджаар 12-14 жил насалдаг байна.
Хадны суусар нь жижиг мэрэгч амьтдын тоо толгойг зохицуулахад оролцохоос гадна жимс, жимсгэний үрийг тараах замаар ургамлын тархалтад нөлөөлдөг. Иймээс байгалийн тэнцвэрт байдлыг хадгалахад өөрийн үүрэгтэй амьтан юм.