Ачаалж байна…
Ачаалж байна…
Jargal D

ШЭНЬЖЭН, 2026 оны арваннэгдүгээр сарын 18 /TASS/. Өмнөд Хятадын Шэньжэн хот дэлхийн эдийн засгийн хөгжлийн түүхэнд онцгой амжилт үзүүлсэн хэмээн БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин тус хотноо өнөөдөр эхэлж буй Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (АПЕК) бизнесийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтад үг хэлэхдээ мэдэгдлээ.
“Хятад улс өөрчлөлт шинэчлэлт, нээлттэй бодлогын эрин үеийг эхлүүлсэн 40 гаруй жилийн өмнө Шэньжэн хот хөгжлийн тэргүүн эгнээнд зоригтойгоор алхаж, хөгжил дэвшил рүү эрчимтэй тэмүүлсэн билээ. Ингэснээр алслагдсан жижиг суурингаас олон улсын том хот болон хувирч, дэлхийн хөгжлийн түүхэнд гайхамшгийг бүтээсэн” гэж тэрбээр хэлжээ.
Түүний хэлснээр, Шэньжэн хотын хөгжлийн амжилтаас хүн төрөлхтөн үнэ цэнтэй олон сургамж авч болох аж.
Тус хот нь 1970-аад оны сүүлчээр Хятад улс өөрчлөлт шинэчлэлт, нээлттэй бодлогыг хэрэгжүүлж эхлэх үед өнөөгийн томоохон хотын оронд загасчдын жижиг суурин байжээ. Шэньжэн хотыг өнөөгийн өнгө төрхөө олж авахад БНХАУ-ын удирдагч агсан Дэн Сяопин, Ши Жиньпиний эцэг Ши Жүнсюнь нар чухал үүрэг гүйцэтгэсэн байна.
Тухайн үед Гуандун мужийн Намын хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ши Жүнсюнь 1970-аад оны сүүлчээр гадаадын хөрөнгө оруулалт татах зорилгоор Хятадын өмнөд нутагт эдийн засгийн тусгай бүсүүд байгуулах саналыг Дэн Сяопин тэргүүтэй төв засгийн газарт тавьжээ. Шинэчлэл, нээлттэй бодлогыг санаачлагч Дэн Сяопин уг саналыг дэмжсэнээр 1980 оны наймдугаар сард Шэньжэний эдийн засгийн тусгай бүс байгуулагдсан байна.
Хотын хөгжлийн эхний хэдэн арван жилд экспортод чиглэсэн, хөдөлмөр их шаарддаг үйлдвэрлэлийг голлон хөгжүүлснээр эдийн засгийн сууриа бэхжүүлэх нөхцөл бүрдсэн байна. 1990 онд Шэньжэний хөрөнгийн биржийг байгуулсан нь хотын хөгжлийн нэгэн томоохон үйл явдал болжээ.
Сүүлийн 20 жилд электроник, өндөр технологийн салбар эрчимтэй хөгжсөнөөр Шэньжэнийг Хятадын “Цахиурын хөндий” хэмээн нэрлэх болжээ. Өдгөө BYD, Huawei, Tencent, DJI зэрэг технологийн томоохон компаниудын төв байр тус хотод байрлаж байна.