Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Африк тивийн Сенегалын Диамниадио хотын “Abdoulaye Wade” цэнгэлдэх хүрээлэнд залуучуудын зуны IV наадам хөшгөө нээж, олимпын түүхэнд онцгой үйл явдал тохиолоо.
“Африк тив угтан авч, Дакар баярлан тэмдэглэнэ” уриан дор зохион байгуулж буй тус наадамд дэлхийн 204 орны 2700 орчим залуу тамирчин спортын 25 төрөлд өрсөлдөж байна. Нээлтийн ёслолыг Сенегалын ерөнхийлөгч Бассиру Диомайе Файе албан ёсоор нээж, ОУОХ-ны Ерөнхийлөгч Кирсти Ковентри болон Дакар-2026 наадмын Зохион байгуулах хорооны дарга Мамаду Диагна Ндиайе нар баяр хүргэж, залуу тамирчдад хандан Олимпын үнэт зүйлс, эв нэгдэл, нөхөрлөлийн талаар онцолсон байна. Нээлтийн ёслол Сенегалын үндэсний өв соёл, Африк тивийн олон үндэстний уламжлалт хөгжим, бүжиг, орчин үеийн урлагийг хослуулсан өргөн хэмжээний тоглолтоор үргэлжилжээ.
Нийт 11000 орчим хүн оролцсон ёслолд 700 орчим уран бүтээлч ая дуу, бүжгээрээ дамжуулан Африк тивийн өнгө төрхийг дэлхийд харуулжээ. Тэгвэл олимпын наадмын хамгийн чухал бэлгэ тэмдэг болох олимпын бамбарыг Сенегалын туялзуур сэлэмний залуу тамирчин Абду Рахман, Марием Си нар асаан байна. Энэхүү бамбарын буухиа өнгөрсөн есдүгээр сарын 10-нд Грекийн Афин хотоос эхэлж, Сенегалын 14 бүс нутгаар дамжин 3600 гаруй километр зам туулан Дакарт хүрчээ.
Монгол Улсаас энэхүү олимпод бокс, дугуй, жүдо, элсний бөх, 3х3 сагсан бөмбөг, усанд сэлэлтийн зургаан төрөлд нийт 10 тамирчин өрсөлдөх юм.











Гэрэл зургийг Д.Нямбилэг