Ачаалж байна…
Ачаалж байна…
Г.Буянжаргал Буяка
buyka.bunduuk@gmail.com

Зуунмод, 2026 оны арваннэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Сүмбэр суманд Ерөнхий боловсролын сургуулийг байгуулсны түүхт 50 жилийн ой энэ жил тохиож байна. Энэхүү сургууль нь гүйцэтгэлийн үнэлгээгээр Төв аймгийн 2026 оны “Шилдэг сургууль”-аар шалгарсан юм.
Тус сургууль нь 1976 онд сумын сангийн аж ахуйг түшиглэн 2 багш, 1 ажилчин, 1-3 дугаар ангийн 56 сурагчтай, Жаргалантын 10-н жилийн харьяа бага сургууль нэртэйгээр анх үүсэн байгуулагдаж байсан.
1977 онд 6 жилийн сургалттай, 1978 онд 8 жилийн сургууль болон өргөжиж одоогийн хичээлийн баруун байр ашиглалтанд орж, 2000 онд шинээр өргөтгөл хийн эдүгээ 291 суралцагч, 37 багш, ажилтантайгаар 12 жилийн сургууль болон үйл ажиллагаагаа явуулж байна.
Дунд ангийн 2 заах аргын нэгдэлтэй, байгалийн ухаан, нийгмийн ухаан, урлаг гоо зүй, бага энгийн нэгдлүүдтэй ажилладаг. Боловсролын зэрэгтэй багшаар 88 хувь хангадсан ба нийт багш нарын 59 хувь нь мэргэжлийн зэрэгтэй.
Сургууль дээрээ сурган хүмүүжүүлэх ажил, сургалт, сурагчдын өөрөө удирдах клуб, сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар даам, монгол хэл бичиг, айеку, дүрслэх урлаг дугуйлан хичээлүүлж сурагчдынхаа авьяас чадварыг хөгжүүлэн олон уралдаан тэмцээнд бэлтгэн ажиллаж байна.
Сургалтын байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээгээр сүүлийн 3 жил дараалан II, III түвшинд үнэлэгдэн Төв аймгийн 31 сургуулиас хоёрдугаар байрт эрэмбэлэгдэж, 2026 онд аймгийн “Шилдэг сургууль”-аар шалгарсан юм.
Төв аймгийн баруун хойд нутагт байрладаг тус суманд 520 орчим өрх, 1,800 гаруй хүн ам, 36.0 мянган га талбайд амьдарч, аж төрж байна.