Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

ХЬЮСТОН, 2026 оны арванэнгдүгээр сарын 3 /Kazinform/. Ангараг гараг дээр хүн амьдрах нөхцөлийг дуурайлган 3D принтерээр байгуулсан туршилтын сууцанд 378 хоног тусгаарлагдах АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төвийн /NASA/ туршилт дууссан тухай “Independent” сонинд мэдээлжээ.
Уг туршилтад NASA-гийг дөрвөн сансрын нисгэгч оролцсон бөгөөд сансрын нисгэгчид 2025 оны аравдугаар сарын 19-нөөс эхлэн Хьюстон хот дахь Линдон Жонсоны нэрэмжит Сансрын төвийн нутаг дэвсгэрт байрлах 158 хавтгай дөрвөлжин метр талбай бүхий байгууламжид амьдарчээ. CHAPEA (Crew Health and Performance Exploration Analog) хэмээн нэрлэсэн шинжлэх ухааны уг туршилтад хөлгийн дарга Росс Элдер, судлаач Мэттью Монтгомери, хөлгийн инженер Жеймс Спайсер, эмч Эллен Эллис нар оролцсон байна.
Тэд Ангараг гаргийнхтай ижил төстэй хөрсөнд ургамал тарьж, нөөц хязгаарлагдмал нөхцөлд төрөл бүрийн даалгавар гүйцэтгэжээ. Мөн гараг хоорондын нислэгийн үеийнхтэй адил холбооны сааталтайгаар NASA-гийн удирдлагын төвтэй харилцаж байсан байна.
Туршилт дууссаны дараа Э.Эллис тусгаарлагдсан орчинд өнгөрүүлсэн нэг жилийг маш хүнд сорилт байсныг онцолжээ. Харин хөлгийн дарга Р.Элдер Ангараг гараг руу жолоодлогот нислэг үйлдэхэд өндөр эрсдэл тулгарах хэдий ч шинжлэх ухааны судалгаа, технологийн хөгжил, шаргуу хөдөлмөрийн үр дүнд энэ зорилго биелэх боломжтой болж байгааг тэмдэглэсэн байна.
Тусгаарлалтаас гарсны дараа сансрын нисгэгчид хоёр долоо хоногийн турш эрүүл мэндийн болон шинжлэх ухааны нарийвчилсан үзлэг, шинжилгээнд хамрагдана. Энэ үеэр мэргэжилтнүүд удаан хугацаанд тусгаарлагдах, бие даасан ажиллагааны горимд байх нь хүний бие махбод, сэтгэл зүй, ажиллах чадвар болон Дэлхийтэй холбоо тогтоох боломжид хэрхэн нөлөөлж байгааг судлах юм.
NASA 2030-аад онд Ангараг гараг руу хүн илгээхээр төлөвлөж байна. Үүнээс өмнө тус агентлаг 1972 оноос хойш хэрэгжүүлээгүй Сар луу жолоодлогт нислэг үйлдэх хөтөлбөрөө сэргээхээр төлөвлөж байгаа ажээ.
CHAPEA хөтөлбөрийн хүрээнд хоёр удаагаа туршилт явуулсан нь энэ юм. Өмнөх туршилтын үеэр мөн дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй баг 2023-2024 онд 378 хоногийг тусгаарлагдсан орчинд өнгөрүүлсэн байна.