Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

ВАШИНГТОН, 2026 оны арваннэгдүгээр сарын 6 /Reuters/. АНУ-ын завсрын сонгуульд Ардчилсан нам ялах нь тодорхой болсны дараа пүрэв гарагт технологийн компаниудын хувьцааны ханш огцом унасан байна.
Ардчилсан нам муж улсын захиргаад болон Конгресст эзлэх байр сууриа бэхжүүлснээр хиймэл оюуны дэд бүтцийн бүтээн байгуулалтыг удаашруулах шинэ зохицуулалт баталж болзошгүй гэж хөрөнгө оруулагчид болгоомжилж байна. Энэ онд хөрөнгийн зах зээл өсөхөд голлон нөлөөлж ирсэн уг салбарын хөгжил удааширч магадгүй гэсэн болгоомжлол хөрөнгийн зах зээлд нөлөөлжээ.
Ардчилсан нам Сенат дахь суудлынхаа тоог долоогоор нэмэгдүүлж, Төлөөлөгчдийн танхимд доод тал нь 39 суудал нэмж, мөн таван муж улсын захирагчийн сонгуульд ялснаас хоёр хоногийн дараа хөрөнгийн зах зээлд уналт ажиглагдлаа. Технологийн компаниудын хувьцаа давамгайлдаг “Nasdaq Composite” индекс 5.56 хувиар буурсан нь сүүлийн 19 сарын хугацаан дахь хамгийн огцом уналт болжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын бодлогод, ялангуяа Ирантай дайн эхлүүлж, шатахууны үнийг огцом өсгөсөн шийдвэрт олон нийт сэтгэл дундуур байгааг сонгуулийн дүн харууллаа. Сонгогчдын дургүйцлийн илрэл Техас, Өмнөд Каролина, Канзас, Айова зэрэг Бүгд найрамдах намынхныг дэмждэг муж улсуудад Ардчилсан нам ялснаас тодорхой харагдлаа.
"Шинээр сонгогдсон зарим гишүүн, муж улсын захирагч нар хиймэл оюун дэд бүтцийн хөгжлийн хурдыг сааруулах сонирхолтой байгааг хөрөнгө оруулагчид анзаарч эхэлж байх шиг байна. Тэд энэ үйл явцыг бүрэн зогсоож чадахгүй байх магадлалтай ч ямар нэгэн байдлаар хурдыг сааруулах төдийд л хөрөнгө оруулагчид санаа зовно. Учир нь хиймэл оюуны салбарын өсөлт үндсэндээ түүнийг дэмжих дэд бүтцийг хурдацтай байгуулж байгаагаас ихээхэн хамаарч ирсэн" гэж "SimCorp" компанийн хөрөнгө оруулалтын шийдвэр судалгааны газрын дарга Мелисса Браун хэллээ.
Техас муж улсын захирагчаар сонгогдсон Жина Хинохоса гурван удаа улиран сонгогдсон Бүгд найрамдах намын гишүүн Грег Эбботтыг ялсан бөгөөд хиймэл оюуны серверийн төвүүд эрчимтэй нэмэгдэж буй зах зээлийн нэг болох тус муж улсад шинээр дата төв барих ажлыг зогсооно гэж амласан байна.
Мөн Конгресс дахь Ардчилсан намын гишүүд дата төвүүдийн эрчим хүчний хэрэглээнээс үүдэн хэрэглэгчдийн цахилгааны төлбөр нэмэгдэхээс хамгаалах хууль тогтоомж батлахыг уриалаад, мөн хиймэл оюуны системүүдэд хараат бус байгууллагуудаар шалгалт хийлгэхийг шаарджээ.
Ардчилсан намынхан сонгуульд ялсан нь дата төвүүд барихыг эсэргүүцэгчдэд шинэ хөшүүрэг болж байна. Хиймэл оюуны хурдацтай хөгжлийн гол хүчин зүйл болсон дата төвүүд нь их хэмжээний дуу чимээ үүсгэдгээс гадна, асар их ус, эрчим хүч зарцуулдаг тул оршин суугчдын эсэргүүцэлтэй улам бүр тулгарах болоод байгаа билээ.