Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Эрдэнэбулган, 2026 оны арваннэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Архангай аймагт 2027 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар боловсрол, эрүүл мэнд, авто зам, дэд бүтцийн салбарт нийт 15 төсөл шинээр эхлүүлэхээр төлөвлөжээ.
Тухайлбал, 1900 хүүхдийн суудалтай сургуулийн гурван барилга, 160 ортой дотуур байр, 30 ортой хоёр эрүүл мэндийн төв, 32 км хатуу хучилттай авто зам, 91.1 урт метр төмөр бетон гүүрийн барилга угсралтын ажил өрнөнө.
Өндөр-Улаан суманд 320, Цэнхэр суманд 300, Эрдэнэбулган суманд 960 хүүхдийн сургууль шинээр барих юм. Харин Хайрхан сумын 320 хүүхдийн сургуулийг ирэх онд ашиглалтад оруулахын зэрэгцээ 160 ортой дотуур байрны барилгын ажлыг эхлүүлэх аж.
Авто замын салбарт Эрдэнэбулган сумын их тойргийн 27.9 км замыг хатуу хучилттай болгох бол Өлзийт, Жаргалант, Тариат сумын төвд тус бүр нэг км гаруй авто зам тавина.
Эрүүл мэндийн салбарт улсын төсвийн хөрөнгөөр Цэнхэр суманд 15 ортой, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Өлзийт суманд мөн 15 ортой эрүүл мэндийн төв барих хөрөнгийг шийдвэрлэжээ.
Мөн аймгийн төвд барьж буй дулааны цахилгаан станцтай холбоотойгоор ус, дулаан дамжуулах 14 төв, гадна холбоо, ариутгах татуурга, цэвэр усны шугам сүлжээ, халуун ус хангамж болон хоёрдугаар хэлхээний ажлыг үргэлжлүүлнэ.
Одоогоор Архангай аймагт 329 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил өрнөж байгаа бол ирэх онд 185.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр тооцжээ. Үүнээс боловсролын салбарт 53.9 тэрбум, эрүүл мэндэд 50 тэрбум, авто замд 53 тэрбум, инженерийн шугам сүлжээ, дэд бүтцэд 50 тэрбум төгрөг зарцуулах юм.
Ийнхүү 2028 он хүртэлх хугацаанд эрүүл мэнд, боловсрол, авто зам, дэд бүтцийн салбарт нийт 500 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр зорьж байна.