Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Эрдэнэбулган, 2026 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Эрдэнэбулган, 2026 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хэмжээнд рашаан, рашаан төст 46 булаг бүртгэлтэй. Үүнээс Цагаан сүм, Цэнхэр, Чулуутын халуун ус, Шивэрт, Бор тал, Ноёнхангай зэрэг халуун рашаан, Мухар хужирт, Хан-Өндөр, Хадат, Нохой унадаг шавар, Бор бургаст зэрэг хүйтэн рашааныг ашиглаж байна.
Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд рашаан ашигласны төлбөрийн хэмжээг эмчилгээ, сувилгааны болон үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаас хамааран ялгаатай тогтоохоор заажээ. Тодруулбал, эмчилгээ, сувилгааны зориулалтаар халуун рашааныг хүн-хоног тутамд 100-500 төгрөгөөр, хүйтэн рашааныг 50-400 төгрөгөөр тооцдог бол үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар халуун рашааныг шоо метр тутамд 500-1500 төгрөгөөр, хүйтэн рашааныг 1000-3000 төгрөгөөр тооцохоор хуульчилсан байна.
Энэ дагуу Архангай аймгийн ИТХ-ын 2012 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 6 дугаар тогтоолоор рашаан ашигласны төлбөрийг хуулиар тогтоосон дээд хэмжээгээр баталжээ. Одоогоор уг хэмжээг мөрдөж байгаа бөгөөд эмчилгээ, сувилгааны зориулалтаар халуун рашааныг хүн-хоног тутамд 500 төгрөгөөр, хүйтэн рашааныг 400 төгрөгөөр тооцож байна. Харин үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар халуун рашааны нэг шоо метрийг 1500 төгрөгөөр, хүйтэн рашааныг 3000 төгрөгөөр тооцон авч байна.
Архангай аймагт үйлдвэрлэлийн зориулалтаар рашаан ашиглаж, төлбөр төлж буй аж ахуйн нэгж одоогоор байхгүй байна.
Аймгийн хэмжээнд 2025 онд рашаан ашигласны төлбөрөөр төсөвт 58.8 сая төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөсөн ч гүйцэтгэлээр 86.6 сая төгрөг төвлөрүүлжээ. Үүний 49.2 сая төгрөг буюу 60 орчим хувийг аялал жуулчлал түлхүү хөгжсөн халуун рашаан бүхий Батцэнгэл сумын Шивэрт, Хотонт сумын Цагаан сүм, Цэнхэр сумын халуун рашааны жуулчны баазуудаас бүрдүүлсэн байна.
Харин 2026 оны есдүгээр сарын байдлаар рашаан ашигласны төлбөрөөр 53.6 сая төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөснөөс 38.2 сая төгрөгийн орлого бүрдүүлжээ. Төлөвлөгөөний биелэлтэд Батцэнгэл, Хотонт, Цэнхэр, Цэцэрлэг, Чулуут сумын орлого төлөвлөсөн хэмжээнд хүрээгүй нь нөлөөлсөн байна.