Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Шатахууны шуурхай штабын хуралдаанаар түгээлт, шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаа болон замын хөдөлгөөний ачаалалтай холбоотой асуудлыг хэлэлцэж, хэд хэдэн шийдвэр гаргажээ.
Тухайлбал, шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт тавих, иргэдэд бодит мэдээлэл хүргэх, олголтыг хэвийн үргэлжлүүлэх чиглэлээр дараах ажлыг хэрэгжүүлнэ. Үүнд:
-Шатахуун түгээж буй станцуудад өнөөдрөөс улсын байцаагчдыг томилон ажиллуулж, олголт, түгээлтийн үйл ажиллагаанд хяналт тавих;
-Шатахууны үлдэгдэл, олголтын мэдээллийг Benzin.mn сайтад үнэн зөв, цаг тухайд нь шинэчилж, иргэдийг бодит мэдээллээр хангах;
-Шатахууныг боломжит түгээх хошуугаар зэрэг, тасралтгүй олгож, шаардлагатай станцуудын ажиллах цагийг 24 цаг болгон зохион байгуулах;
-Талоноор шатахуун олгож буй асуудлыг шалгаж, олголтыг шуурхай, хүртээмжтэй зохион байгуулах;
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон тэдний асран хамгаалагчдад дараалал харгалзахгүй үйлчилж, холбогдох байгууллагаас байцаагч томилон хяналт тавиулах аж.
Монополын эсрэг газраас шатахууны үлдэгдэлтэй атлаа олголтоо дур мэдэн зогсоосон аж ахуйн нэгжүүдэд хуулийн хүрээнд арга хэмжээ авч эхэлсэн байна. Түүнчлэн шатахууныг дамлан худалдаалах зөрчлийг таслан зогсоож, аж ахуйн нэгжүүд дотоод хяналт, зохион байгуулалтаа сайжруулахыг үүрэг болгожээ. Түгээгч, эрхлэгч нар хууль бус борлуулалтад оролцсон нь тогтоогдвол хөдөлмөрийн хууль тогтоомж, холбогдох журмын хүрээнд хариуцлага тооцох шаардлагатайг анхааруулав.
ОХУ, БНХАУ, БНСУ, Казахстан улсаас 11 дүгээр сард нийт 92.5 мянган тонн шатахуун захиалсан байна. Мөн Толгойт өртөөнд байгаа вагон-цистернүүдийг яаралтай татан авч, буулгалт, түгээлтийг эрчимжүүлэх ажлыг энэ долоо хоногт багтаан дуусгах аж.