Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр энэ сарын 28-нд болсон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлын асуудлаарх нээлттэй хуралдаанд үг хэллээ гэж ГХЯ-наас мэдээллээ.
Тэрбээр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 1325 дугаар тогтоол болон холбогдох тогтоолуудын хэрэгжилтийг эрчимжүүлж, зөрчил мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх, энхийг сахиулах ажиллагаа, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатайг хэлсэн үгэндээ онцложээ.
Мөн Монгол Улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй эмэгтэй цэргийн алба хаагчдын тоог 2027 он гэхэд 15 хувьд хүргэх зорилтдоо хугацаанаас өмнө хүрснийг тэмдэглээд, эмэгтэй энхийг сахиулагчдын аюулгүй байдал, хамгаалалтыг хангах, тэдний манлайлал болон шийдвэр гаргах түвшин дэх оролцоог нэмэгдүүлэх нь чухал хэмээн цохон тэмдэглэсэн байна.
Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр Монгол Улс эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлын асуудлаарх анхны Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөгөө боловсруулах ажлыг эхлүүлсэн бөгөөд 2027 онд Улаанбаатар хотноо “НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй цэргийн алба хаагчийн оролцоо” сэдэвт олон улсын хоёр дахь удаагийн бага хурлыг зохион байгуулахаар төлөвлөж байгааг мэдээлсэн аж.
Түүнчлэн тэрбээр манай улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 2048–2049 оны байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүлснийг дурдаад Монгол Улс олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх, энэ чиглэлээр эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоог дэмжих талаар үргэлжлүүлэн идэвхтэй ажиллахад бэлэн буйг илэрхийлжээ.