Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

-Монгол Улсад анхны ардын сургуулийг үүсгэн байгуулсны 105 жилийн ойд-
Түүнээс хойш 105 жилийн хугацаанд Монголын боловсролын салбар өргөжин хөгжиж, үе үеийн эрдэмтэн багш, сэхээтэн, мэргэжилтнүүдийг бэлтгэсээр иржээ. Энэхүү түүхэн өдрийг тохиолдуулан Ерөнхий боловсролын Монгол III сургуулийн захирал В.Хоролгаравтай ярилцлаа.
-Нийслэлийн ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн түүх 1921
оны 11 дүгээр сарын 2-нд эхэлжээ. Анх 25 суралцагч, гурван багштай үйл
ажиллагаагаа эхлүүлсэн тэр үеийн сургуулийн дүр төрх, сургалтын онцлог ямар
байсан бол?
-Нийслэлийн ерөнхий боловсролын 3 дугаар сургууль Монгол Улсын орчин үеийн боловсролын салбарын түүхтэй салшгүй холбоотой, 105 жилийн түүхэн замналтай ууган сургуулийн нэг юм. Ардын засгийн газар байгуулагдсаны дараа Нийслэл хүрээнд үүдээ нээсэн анхны сургуулийн нэг юм.
Мөн эрэгтэй, эмэгтэй хүүхдүүд хамтран суралцаж эхэлсэн Монголын төдийгүй Ази тивийн анхны сургуулийн нэг гэдгээрээ онцлогтой.
Тус сургууль 1921 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр одоогийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт 25 суралцагч, гурван багштай сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ. Улмаар 1925 онд хүүхдийн пионерын байгууллагын эхлэл мөн энэ сургууль дээр тавигдсан нь түүхэн онцлогийн нэг юм.
Түүнчлэн анхны соёлч нөхөрлөлийн анги байгуулах, бүрээ, бөмбөрийн хөгжим эгшиглэх, төрөл бүрийн уралдаан тэмцээн зохион байгуулах зэрэг боловсрол, хүүхдийн хөгжил, хүмүүжлийн олон шинэлэг ажлын эхлэл тус сургуулийн түүхтэй холбогддог. Иймээс нийслэл, улсын хэмжээнд боловсрол, соёлын салбарын хөгжилд өөрийн гэсэн хувь нэмрийг оруулж ирсэн түүхэн уламжлалтай сургууль юм. Түүхэн хугацаанд тус сургууль 1921-1948 онд “Үлгэр жишээ бага сургууль”, 1948-1951 онд “Бүрэн бус дунд сургууль”, 1951-2005 онд “10 жилийн бүрэн дунд сургууль”, 2005 оноос “11, 12 жилийн бүрэн дунд сургууль” нэртэй үйл ажиллагаа явуулж иржээ. Энэ хугацаанд сургалтын бүтэц, тогтолцоо, нэршил нь өөрчлөгдөн хөгжихийн зэрэгцээ үе үеийн хүүхэд, залууст боловсрол эзэмшүүлж, эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах бүтээлч, авьяаслаг, эх оронч иргэдийг төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан байна.
Өдгөө 105 жилийн түүхэн хугацаанд тус сургуулийг 80 мянга гаруй суралцагч төгсөж, үе үеийн багш, ажилтан, суралцагчдын хөдөлмөр зүтгэлээр сургуулийн түүх, өв уламжлал баяжин хөгжсөөр байна.
Энэ бол зөвхөн төгсөгчдийн тоо бус, Монголын боловсролын салбарын хөгжилд тус сургуулийн оруулсан хувь нэмэр, үе үеийнхний бүтээсэн түүхэн замналыг илтгэх томоохон үзүүлэлт юм.

-Үе үеийн багш, сурагчид урлаг, спортын уралдаан тэмцээнд амжилттай оролцож, дүүрэг, нийслэлийн хэмжээнд тэргүүлж ирсэн уламжлалтай. Энэ амжилтыг тогтвортой хадгалж, шинэ үеийн сурагчдад өвлүүлж байгаа туршлагаасаа хуваалцана уу?
-Сургуулийн амжилтад удирдлагаас баримталж буй бодлого, менежмент тодорхой хэмжээгээр нөлөөлнө. Амжилтын үндэс нь юуны өмнө багш, суралцагчдын мэдлэг, ур чадвар, хичээл зүтгэл, хүсэл эрмэлзэлтэй холбоотой. Амжилт гэдэг бол зөв хандлага, тууштай хөдөлмөр, зорилгынхоо төлөөх чин сэтгэлийн зүтгэлийн үр дүн юм.
Манай сургуулийн багш, суралцагчид үеийн үед урлаг, спортын төрөл бүрийн тэмцээн, уралдаанд амжилттай оролцож, дүүрэг, нийслэлийн хэмжээнд тэргүүлэх амжилт үзүүлсээр ирсэн. Энэ уламжлал өнөөдөр ч үргэлжилж, багш, сурагчид сурлага, урлаг, спортын олон талбарт амжилтаа бататган ажиллаж байна. Манай сургуулийн бас нэгэн бахархал бол энд суралцаж, ажиллаж байсан төгсөгч, багш нарын дундаас Монгол Улсынхаа түүхэнд нэрээ мөнхөлсөн олон алдартан, гавьяатнууд төрөн гарсан явдал юм. Тухайлбал, тус сургуулийн бага ангийн багшаар ажиллаж байсан Д.Цэвэгмид Монгол Улсыг НҮБ-д элсүүлэх үйл явцад төлөөлөгчдийг ахлан оролцож, олон улсын тавцанд эх орныхоо дуу хоолойг хүргэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн түүхтэй.
Мөн тус сургуулийн бага ангийн багш, сурагч асан Д.Ишцэрэн 1965-1978 онд Гэгээрлийн Яамны сайдаар ажиллаж, 1970 онд Монгол Улсыг ЮНЕСКО-д бичиг үсэгт тайлагдсан ард түмэнтэй орон хэмээн бүртгүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүний нэг юм.
Түүнчлэн сургуулийн анхны захирал, Онход овогт С.Жамьян Ардын Гэгээрлийн Яамны анхны сайдаар ажиллаж, Монголын боловсрол, шинжлэх ухааны суурийг тавилцсан түүхэн эрхэм билээ. Харин тус сургуулийн хичээлийн эрхлэгчээр ажиллаж байсан Ш.Лувсанвандан шинэ үсгийг зохиолцож, монгол хэл, соёлын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан гавьяатай.
Энэ мэтчилэн манай сургуулийн багш, төгсөгчдийн бүтээсэн түүх, байгуулсан гавьяа арвин. Тухайлбал, Монгол Улсад ардын боловсрол, геологи, уул уурхай, түүх, археологи, театр урлаг, шатрын болон хөл бөмбөг, сагсан бөмбөгийн спорт, сурагчдын хамтын нөхөрлөлийн байгууллагын хөгжил, төлөвшилд тус сургуулийн төгсөгчид, багш нарын оруулсан хувь нэмэр их юм. Иймээс манай сургууль зөвхөн эрдэм мэдлэг олгодог боловсролын байгууллага байгаад зогсохгүй Монголын нийгэм, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан олон арван эрхэм хүнийг бэлтгэн төрүүлсэн баялаг түүх, уламжлалтай сургууль гэдгээрээ бахархдаг.

-Түүхэн уламжлалтай сургуулийн хувьд цаашдын зорилго, алсын хараагаа хэрхэн тодорхойлж байна вэ?
-Аливаа сургуулийн үндсэн зорилго иргэд, олон нийтийн болон хүүхэд, эцэг эхийн итгэлийг дааж, хүндлэлийг хүлээсэн, зөв төлөвшилтэй иргэн бэлтгэх юм. Боловсролын байгууллага нь төрөөс тогтоосон боловсролын стандарт, сургалтын хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлж, хүүхэд бүрд эзэмшүүлэх ёстой мэдлэг, чадвар, төлөвшлийг олгох үүрэгтэй. Тиймээс сургуулийн болон багшийн үндсэн зорилго нь сургалтын чанарыг сайжруулж, суралцагч бүрийн хөгжлийг дэмжин, боловсролын стандартыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд оршдог. Манай сургуулийн хувьд олон жилийн түүх, уламжлалаа хадгалахын зэрэгцээ сургалтын чанар, хүүхдийн хөгжил, төлөвшилд онцгой анхаарч, нийгмийн хариуцлагатай, зөв хандлагатай иргэн бэлтгэхийг зорьж ажиллаж байна.
-Танай сургуулийн гаргасан амжилтууд нь сурагчдынхаа авьяас чадвар, мэдлэг оюуныг хөгжүүлэхэд ихээхэн анхаардагтай холбоотой гэж ойлгож болох уу?
-Манай сургуулийн суралцагчдын амжилтыг зөвхөн сургуулийн орчинд зохион байгуулж буй сургалт, дугуйлан, секцийн үйл ажиллагаагаар хязгаарлан ойлгож болохгүй. Хүүхдийн хөгжил, амжилтад багш, эцэг эхийн хамтын ажиллагаа, мөн сургуулиас гадуурх хүүхэд хөгжүүлэх үйл ажиллагаанд хамрагдах боломж чухал нөлөөтэй. Эцэг эхчүүд хүүхдүүдээ хичээлийн бус цагаар төрөл бүрийн дугуйлан, секц, сургалт, хөгжүүлэх хөтөлбөрт хамруулж, авьяас чадвараа нээн хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлдэг. Үүний үр дүнд манай суралцагчид жил бүр олон төрлийн уралдаан, тэмцээнд амжилттай оролцож, медаль, шагнал хүртсээр байна.
Сүүлийн жилүүдэд манай суралцагчид жилд дунджаар 200 орчим төрлийн уралдаан, тэмцээнд оролцож, 400-500 орчим медаль хүртэж байгаа нь хүүхдүүдийн авьяас чадвар, хичээл зүтгэлээс гадна багш, эцэг эхийн үр дүнтэй хамтын ажиллагааг илтгэж буй үзүүлэлт юм.
Мөн 2022 оноос байгууллага болон багшийн гүйцэтгэлийн үнэлгээнд хамрагдаж эхэлсэн. Эдгээр үнэлгээгээр манай сургууль тогтмол хоёр, гуравдугаар түвшинд үнэлэгдэж ирсэн. Түүнчлэн Элсэлтийн шалгалтын дундаж оноо жилээс жилд ахиж байна. Энэ жил 800 оноо авсан таван суралцагчтай болсон нь сургалтын чанар, суралцагчдын мэдлэг, чадварын ахиц дэвшлийг харуулж байна.
Монгол Улсад анхны ардын сургууль үүсэн байгуулагдсаны 105 жилийн ойн босгон дээр манай сургууль дүүргийнхээ “Шилдэг менежменттэй сургууль”-иар шалгарсан нь бидний хувьд нэр төрийн хэрэг, томоохон амжилт байлаа. Энэхүү шагнал ажилсаг багш, ажилтан, авьяаслаг суралцагчдын хамтын хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүн төдийгүй сургуулийнхаа түүхт ойд барьж буй хамгийн том бэлэг юм. Ийнхүү бид 105 жилийн түүхэн замналдаа нэгэн шинэ амжилт нэмж, сургуулийнхаа бахархалт түүхийг баяжууллаа.