Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улиастай, 2026 оны арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Эмийн аюулгүй байдлын 7 хоног энэ сарын 2–8-ны өдрүүдэд дэлхий даяар өрнөж байна. Энэ жил эмийн гаж нөлөөг мэдээлэхийн ач холбогдлыг таниулахаас гадна эмийн зохистой хэрэглээ, хадгалалт, ялангуяа бага насны хүүхдийг эмийн хордлогоос хамгаалах асуудалд анхаарал хандуулж байна.
Манай улсад эмийн гаж нөлөөг бүртгэх, мэдээлэх үйл ажиллагаа цахимжиж, иргэн, эмч, эмзүйч нар iReporting системээр мэдээлэл илгээх боломжтой болсон байна.
Мөн эмийн үнэ, эмийн сангийн байршлын нэгдсэн системийг нэвтрүүлж, эмийн үнийн ил тод байдлыг нэмэгдүүлж байна.
Энэ талаар болон Завхан аймгийн эмийн хангамж, хүртээмжийн асуудлаар Завхан аймгийн Эрүүл мэндийн газрын Эмийн чанар, аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн Б.Энхмандахаас тодрууллаа.
Эмийн аюулгүй байдлын 7 хоногийн зорилго, аяны онцлогийн талаар хэлж өгөөч?
-Эмийн аюулгүй байдлын 7 хоногийн зорилго нь эмийн гаж нөлөөний талаарх иргэд, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, эмийн гаж нөлөөний сэжигтэй тохиолдлыг бүртгэж, мэдээлэхийн ач холбогдлыг таниулах юм.
Эм нь өвчнийг эмчлэх, урьдчилан сэргийлэх чухал хэрэгсэл боловч буруу хэрэглэх, тунг хэтрүүлэх, бусад эмтэй зохисгүй хавсруулах, хадгалалтын нөхцөлийг алдагдуулах зэрэг нь эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй.
Энэ жилийн аян 2026 оны арваннэгдүгээр сарын 2–8-ны өдрүүдэд үргэлжилнэ. Бид эмийн гаж нөлөөг анзаарах, сэжигтэй тохиолдлыг мэдээлэхээс гадна эмийг гэрийн нөхцөлд хэрхэн зөв хадгалах, хүүхдийг санамсаргүй хордлогоос хамгаалах дадлыг хэвшүүлэхэд иргэдэд зөвлөн тусална.
Бага насны хүүхдийн эмийн хордлогоос урьдчилан сэргийлэх асуудалд онцгой анхаарч байгаагийн шалтгаан юу вэ?
-Эрүүл мэндийн яамны мэдээллээр, Монгол Улсад 2024 онд хийсэн тав хүртэлх насны хүүхдийн хордлогын эрсдэлт хүчин зүйлийг тодорхойлох судалгаагаар эмийн хордлогод өртсөн тохиолдлын 82 хувьд эмийг хүүхэд өөрөө авч хүрэх боломжтой газар байрлуулсан, 77 хувьд нь эцэг эх, асран хамгаалагчид хэрэглэсний дараа зориулалтын газарт буцаан хурааж хадгалаагүй байдал эрсдэлт хүчин зүйл болсон байна.
Энэ нь эмийн хордлогоос сэргийлэхэд зөвхөн эмийн төрөл, найрлагаас гадна гэрийн орчны аюулгүй байдал, эцэг эх, асран хамгаалагчдын хариуцлага чухал болохыг харуулж байгаа юм. Тиймээс бид эмийн аюулгүй байдлын 7 хоногт эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлж буй иргэд болон олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан эцэг эхчүүдэд зөвлөгөө, мэдээлэл түлхүү хүргэж ажиллана.

Эцэг эхчүүд дараах дадлыг хэвшүүлэх хэрэгтэй. Нэгдүгээрт, эмийг хүүхдийн гар хүрэхгүй, нүдэнд өртөхгүй, хүүхэд өөрөө авч хэрэглэх боломжгүй газар хадгалах. Эм, витамин болон бусад эмийн бүтээгдэхүүнийг хүүхэд хүрч болох тавиур, ширээ, цүнх, орны дэргэд ил орхиж болохгүй.
Хоёрдугаарт, эмийг хэрэглэсний дараа шууд зориулалтын саванд нь буцаан хийж, тагийг бүрэн таглан хадгалах хэрэгтэй. Гуравдугаарт, эмийг чихэр, амттан мэт ойлгуулахгүй байх нь чухал. Хүүхдэд эмийг чихэр гэж хэлж өгөхгүй, зөвхөн эмч, эмзүйчийн зааврын дагуу эцэг эх, асран хамгаалагчийн хяналтад хэрэглүүлэх шаардлагатай.
Мөн витаминыг эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн гэж хуульд тусган ангилсан байдаг. Гэхдээ витамин, нэмэлт бүтээгдэхүүн ч хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх, хордлого үүсгэх эрсдэлтэй тул эмийн адил аюулгүй хадгалах хэрэгтэй. Дөрөвдүгээрт, хүүхэд эмийг санамсаргүй залгисан байж болзошгүй тохиолдолд ямар нэгэн шинж тэмдэг илрэхийг хүлээлгүйгээр эмнэлгийн тусламж авах нь чухал юм.
Эм хэрэглэсний дараа ямар нэгэн сөрөг шинж тэмдэг илэрвэл иргэд хэрхэн мэдээлэх вэ?
-Эмийн гаж нөлөө гэдэг нь эмийг зохих тунгаар хэрэглэсэн ч хүний биед илэрч болох сөрөг урвалыг хэлнэ. Зарим тохиолдолд тууралт, загатнах, дотор муухайрах зэрэг шинж тэмдэг илэрч болох бол хүнд хэлбэрийн харшлын урвал, амьсгалын хүндрэл зэрэг яаралтай тусламж шаардсан нөхцөл ч үүсэж болно.
Иргэд эм хэрэглэсний дараа өмнө нь байгаагүй шинж тэмдэг илэрвэл эмч, эмзүйчдээ хандаж, эмийн гаж нөлөө байж болзошгүй эсэхийг тодруулах хэрэгтэй.
Манай улсад эмийн гаж нөлөөг бүртгэх, мэдээлэх үйл ажиллагаа цахимжсан. Иргэн, эмч, эмзүйч, сувилагч нар iReporting цахим системээр эмийн гаж нөлөөний сэжигтэй тохиолдлыг мэдээлэх боломжтой.
Мөн QR кодоор дамжуулан мэдээллийн системд нэвтрэхээс гадна Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын цахим хуудасны эмийн гаж нөлөө мэдээлэх хэсгээр хандаж болно.
Эмийн гаж нөлөөг мэдээлэх нь тухайн эмийн аюулгүй байдлыг үнэлэх, цаашид хэрэглэх заавар, анхааруулгыг сайжруулахад чухал ач холбогдолтой.
Завхан аймагт эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, иргэдэд мэдээлэл хүргэх чиглэлээр ямар ажил хийж байна вэ?
-Орон нутгийн хэмжээнд эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд эрүүл мэндийн байгууллагууд, эмийн сан, эмнэлгийн мэргэжилтнүүдийн оролцоо чухал.
Тиймээс аймгийн хэмжээнд эмийг зөв хэрэглэх, хадгалах, гаж нөлөө болон эмийн харилцан үйлчлэлээс сэргийлэх талаар иргэдэд зөвлөгөө, мэдээлэл хүргэх ажлыг байгууллагын цахим хуудас, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлж буй иргэдэд зөвлөн туслах хэлбэрээр зохион байгуулж байна.

Энэ жил эмийн зохистой хэрэглээний талаар давхардсан тоогоор 4200 гаруй иргэнд зөвлөгөө, мэдээлэл хүргэсэн байна.
Цаашид зөвхөн эмнэлгийн байгууллагаар хязгаарлахгүйгээр сум, өрхийн эрүүл мэндийн төв, эмийн сангуудаар дамжуулан иргэдэд тогтмол зөвлөгөө өгөх, эмийн гаж нөлөөний талаар мэдээлэл хүргэж, таниулах шаардлагатай байгаа юм.
Иргэд эмийн үнэ, эмийн сангийн байршил болон эмийн хүртээмжийн талаарх мэдээллийг цахимаар авах боломжтой юу?
-Эрүүл мэндийн яамнаас эмийн үнийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, иргэдэд эмийн мэдээллийг хүртээмжтэй хүргэх зорилгоор эмийн үнэ, эмийн сангийн байршлын нэгдсэн системийг нэвтрүүлсэн.
Иргэд Эм, эмийн үнийн мэдээллийн санд нэвтэрч, худалдан авах гэж буй эмийн нэрээр хайлт хийх, тухайн эмийг худалдаалж буй эмийн сангийн байршлыг харах, эмийн санд бүртгэгдсэн хамгийн сүүлийн бодит борлуулалтын үнийг шалгах боломжтой. Мөн эмийн хэрэглэх заавар, найрлага, тун хэмжээ, хориглох заалттай танилцах, ижил төстэй эмийн сонголтын талаар мэдээлэл авах боломж бүрдсэн.
Орон нутгийн эмийн нөөц, хангамжийн асуудлыг хэрхэн зохицуулдаг вэ? Аймгийн эмийн сангуудад байгаа шаардлагатай эмийн нөөцийн мэдээллийг иргэд авах боломжтой юу?
-Эмийн хангамжийн тогтвортой байдал нь иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжтэй шууд холбоотой. Ялангуяа орон нутгийн хувьд эмийн татан авалт, тээвэрлэлт, хадгалалт, нийлүүлэлтийн тасралтгүй байдлыг хангах нь чухал асуудал юм.
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас эм ханган нийлүүлэх байгууллага болон эмийн сангуудын эмийн нэр төрөл, үнэ, цуврал, нөөцийн мэдээллийг цахим системээр нэгтгэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна.
2026 онд эхлүүлсэн мэдээлэл солилцооны ажлын хүрээнд эмийн нөөцийн мэдээллийг цуврал тус бүрээр долоо хоног тутам нэгтгэх зохицуулалт хийж байгаа бөгөөд цаашид бодит цагийн горимоор хянах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Аймгийн хэмжээнд 53 эмийн сан, эм ханган нийлүүлэх дөрвөн төв ажиллаж байна. Эмийн сан тус бүрийн бодит үлдэгдэл, нөөцийн хэмжээг иргэд цахимаар шууд харах боломж бүрдсэн гэж үзэхэд эрт байна. Иймээс шаардлагатай эмийн талаарх мэдээллийг тухайн эмийн сан болон эмнэлгийн байгууллагаас лавлах нь зүйтэй. Мөн эмийн талаарх мэдээллийг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын цахим хуудасны LICEMED хэсгээс авах боломжтой юм.
Иргэдэд юуг анхааруулж, уриалах вэ?
-Эмийн аюулгүй байдал гэдэг нь зөвхөн эмийн чанар, үйлдвэрлэл, нийлүүлэлтээр хязгаарлагдахгүй. Эмийг зөв сонгох, эмчийн зааврын дагуу хэрэглэх, зохих нөхцөлд хадгалах, гаж нөлөөг анзаарч мэдээлэх нь эмийн аюулгүй байдлын салшгүй хэсэг юм. Тиймээс иргэд эмийг өөрийн дураар хэрэглэхгүй байх, бусдад бичиж өгсөн эмийг хэрэглэхгүй байх, эмийн тунг дур мэдэн өөрчлөхгүй байх, хүүхдийн гар хүрэхгүй газар хадгалахыг анхаарах хэрэгтэй.
Эмийн аюулгүй байдал хүн бүрийн оролцооноос эхэлнэ.
-Танд баярлалаа.