Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Арвайхээр, 2026 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Өөрсдийн уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэл, нэг санаа, зорилгын дор сайхан ажил амьдралыг цогцлоож, төрөлх нутаг орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж яваа манлайлагч залуу гэр бүл олон бий.
Тэдний нэг болох энгийн нэгэн залуу хостой уулзаж, сонирхолтой ярилцлагыг өрнүүллээ. Б.Гомбосүрэн, Г.Гэрэлсайхан нар аймгийн төвд бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байна.
-Ам бүл, ажил үйлсийнхээ талаар товч танилцуулна уу?
-Намайг Б.Гомбосүрэн, эхнэрийг маань Г.Гэрэлсайхан гэдэг. Бид гэр бүл болоод 18 жил болж байна. Дөрвөн сайхан хүүхэдтэй. Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд “Ундрам” худалдааны төвөө ажиллуулж, бизнес эрхэлдэг.
-Залуу хүмүүсийн хувьд бизнесийн гараагаа эхлүүлэх амаргүй. Та хоёр яагаад худалдаа, үйлчилгээний салбарыг сонгосон бэ? Бизнесээ хэрхэн эхлүүлж байв?
-Б.Гомбосүрэн: Бид хоёр 2008 онд танилцаж, гэр бүл болсон. Тухайн үед 9х4 метрийн хэмжээтэй вагончик худалдаж аваад, төв зах дээр цайны газар ажиллуулж эхэлсэн. Тэр үед төрөөс залуу гэр бүлд 500 мянган төгрөгийн дэмжлэг олгодог байлаа. Тэр мөнгө бид хоёрын бизнесийн эхлэлийн хөрөнгө болсон доо. Эхнэрийнхээ хийсэн цай, хоолыг аваад би захаар явж борлуулна. Ингэж л бизнесийн гараагаа эхэлсэн.
Уг нь миний эзэмшсэн мэргэжил бизнесээс тэс өөр. Аймгийн МСҮТ-ийг "жолооч, хот айлын ахлагч" мэргэжлээр, дараа нь “Улаанбаатар-Эрдэм” их сургуулийг нийгмийн ажилтан, сэтгэл судлалын чиглэлээр төгссөн.
Гэхдээ хүний бага нас, өссөн орчин, аав, ээжээсээ сурсан зүйл амьдралынх нь замд их нөлөөлдөг юм байна. Намайг бага байхад Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжиж, хүмүүсийн амьдрал амаргүй байсан үе. Ээж маань бууз, хуушуур, аарц зэрэг хоол, хүнс бэлтгээд явуулын худалдаа эрхэлдэг байлаа. Би ээждээ тусалж, хамт явдаг байсан юм. Мөн аавтайгаа гөлмөн төмрөөр зуух хийж зарна. Тэр үеийн амьдралын туршлага маань хожим өөрсдөө худалдаа, үйлчилгээний бизнес эрхлэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн болов уу гэж боддог.

Г.Гэрэлсайхан: Бизнес эрхлэх суурь мэдлэг, дадал бидний бага наснаас эхлэлтэй гэж боддог. Би 3, 4 дүгээр ангид байхдаа аав, ээждээ туслахын тулд сүү зардаг байлаа. Сүүгээ зараад ирэхэд аав, ээж маань урамшуулна. Тэр хэрээрээ баярлаж, дараа нь бүр илүү сайн зарахыг хичээдэг байсан. Оюутан байхдаа ч солонгос ресторанд зөөгч хийж байлаа. Энэ бүх туршлага маань худалдаа, үйлчилгээний салбарт ажиллахад нөлөөлсөн байх. Тиймээс бид хоёрт бизнес эрхлэх ажил илүү ойр санагддаг байсан.
2015 он гэхэд худалдаа, үйлчилгээний чиглэлээр тодорхой туршлага хуримтлуулсан байлаа. Тиймээс үйл ажиллагаагаа өргөжүүлж, томоохон барилга барин зоогийн газар, караоке ажиллуулж эхэлсэн. Улмаар 2020 онд барилгын өргөтгөл хийж, хүнсний бөөний төв болгосон. Харин 2024 онд шинэ барилгын ажлаа эхлүүлж, өнгөрсөн жил ашиглалтад орууллаа.
- “Ундрам” гэх нэрийн тухайд...
-Б.Гомбосүрэн: Цайны газраа нээчихээд хаягаа хэвлүүлэхээр очихдоо нэрээ сонгох гэж хоёулаа нэлээд удаан ярилцсан юм. Унд цайтай холбоотой байхаас гадна ажил үйлс маань ундарч, улам дэлгэрч яваасай гэсэн бэлгэдлээр “Ундрам” гэж нэрлэсэн.
-Бизнес эрхлэхэд амжилт, ололт байхаас гадна бэрхшээл, сорилт ч олон тулгардаг. Та хоёрын хувьд ямар бэрхшээлүүд тулгарч байсан бэ?
Б.Гомбосүрэн: Тэгэлгүй яахав. “Бүгдийг болгоно” гэсэн залуу насны эрч хүч, хүсэл тэмүүллээрээ л өдий хүрч явна. Ар гэрийнхэн, найз нөхөд маань үргэлж урам өгч, шинэ санал, санаачилга хэлдэг нь их дэм болдог.
Г.Гэрэлсайхан: Бид хоёр бизнесээ багаас нь эхлүүлсэн. Ашиг орлого бага байсан ч хийж байгаа ажилдаа сэтгэл хангалуун байж, алхам алхмаар урагшлахыг хичээж ирсэн. Асуудал, бэрхшээл тулгарахад шантраад байвал юу ч шийдэж чадахгүй, амжилтад ч хүрэхгүй шүү дээ. Тиймээс бэрхшээлээс халшрахгүй, гарц шийдлийг нь олохыг хичээдэг.
-Анхны учралынхаа тухай дурсвал?
Б.Гомбосүрэн: 2008 оны эхээр Уянга сум руу алт олборлохоор аймгийнхан олноороо явдаг байлаа. Төрийн албаныхан хүртэл амралтын өдрүүдээр очиж алт ухдаг байсан юм. Би ч ах, бэр эгч хоёроо дагаад “шар юм”-нд явлаа. Хоёр дахь удаагаа очихдоо олсон алтаа худалдах гэж нэг айлд ортол их хөөрхөн охин сууж байна. Анх хараад л сэтгэл татагдсан даа. Түүнтэй танилцахын тулд жаахан алт олбол тэднийд аваачиж өгнө. Хэдээр авах нь чухал биш, гол нь тэр охины нүдэнд өртөж, харагдаж байвал болоо. Заримдаа хоол авах, утсаар ярих зэргээр очих шалтаг ч олдоно. Ингэж л танилцаж байлаа. Бид хоёрын болздог газар Өлтийн “Өндөр толгой” байв.
Тэр үед хуурай пайжуурны мотор гэж байсан даа. Их амархан эвдэрдэг. Тэдний моторыг эвдэрсэн үед нь засаж өгөөд хадам аавдаа анх тоогдож байсан юм.
Би багаасаа аавынхаа машины дугуй солихоос эхлээд аж ахуйн ажилд нь тусалж, аливаа зүйлийг хэрхэн хийж байгааг нь харж өссөн. Жаахан том болоод аавынхаа гарын үзүүрт зарагдаж, олон ажилд суралцсан болохоор машин техник янзлахдаа гайгүй. Ер нь хар бор ажилд ч гаршсан даа.
Г.Гэрэлсайхан: Би гуравдугаар курсийн оюутан байлаа. Хичээлийнхээ амралтаар аав, ээждээ туслахаар гэртээ очдог байсан юм. Нэг удаа таньдаг эгч маань нөхөр, дүүтэйгээ манайд ирлээ. Дүү нь их цэвэрхэн, сайхан залуу харагдсан. Түүнээс хойш хэд хэдэн удаа ирсэн юм. Ирэх бүрд нь догдолж, явсных нь дараа хаалганыхаа дээд хатавчаар араас нь далд ортол нь хардаг байлаа. Тэр залуу алт олох бүрдээ манайд ирнэ. Сүүлдээ аав маань ч бид хоёрыг гадарласан бололтой. Авчирсан алтыг нь шууд авахгүй, гал дээр шалгаж үзээд “Энэ чинь алт мөн юм уу?” гэж асуун, жаахан чангалах гэж оролдоно.
-Хамгийн хөгжилтэй болзоо юу байв?
Б.Гомбосүрэн: Биднийг танилцсаны дараахан аавын дүү маань “Hensim” маркийн цоо шинэ мотоцикл авсан юм. Тэр үед надад унах унаа байгаагүй. Нэг өдөр “Аймаг орчихоод ирье” гээд ахаасаа мотоциклийг нь гуйтал өглөө. Тэгээд хайртай бүсгүйгээ сундлаад, бас нэг хос найзынхаа хамт дөрвүүлээ бөөн баяр хөөр болж аймаг руу давхилаа. Өмнө нь мотоцикл ганц нэг удаа л унаж үзсэн болохоор сайн жолоодож чаддаггүй байв. Гэхдээ түүнийгээ мэдэгдэхгүйг хичээн, мотоциклээ унагачихгүй юмсан гэж бодсоор явсан.
Г.Гэрэлсайхан: Би ч бүр баатар гэж бодоод, түүндээ бүрэн итгэчихсэн явж байсан шүү.
Б.Гомбосүрэн: Аймагт очтол нөгөө хоёр маань “Зун юм чинь дөрвүүлээ манай нутаг руу зугаалчихаад ирье. Сэлэнгийн Сант сум ойрхон шүү дээ” гэдэг юм. Найз охинтойгоо хамт л байвал хол, ойр нь хамаагүй санагдаад, хоол хүнсээ базааж аваад дөрвүүлээ давхилаа. Булганы Рашаант, Дашинчилэн, Заамар, Эрдэнэтээр дайран, замдаа хоёр хоноод Сэлэнгийн Сант суманд хүрсэн. Сүүлдээ бүгдээрээ нэлээд ядарсан даа. Очсон хойноо найзынхаа гэрт хэд хоног сайхан амарч, наадам үзэн, бас загас барьж сурлаа.
Гэтэл ар гэрийнхэн маань “хааччихав?” гээд эрж сураад эхэлсэн. Дээрээс нь ах мотоциклээ нэхсэн тул бид хоёр буцахаас өөр аргагүй болсон юм. Харин нөгөө хоёр маань нутагтаа үлдчихсэн.
Нийтдээ мотоциклээр 2500-гаад км зам туулсан юм. Залуу насны эрч хүч, хайр дурлалын догдлолоор тэр холын замыг туулж дээ. Гэрэлсайханыг уначих вий гэж санаа зовоод нэг гараараа мотоциклээ барьж, нөгөө гараараа арагш нь тэвэрч явсан. Миний хувьд хамгийн хөгжилтэй, мартагдашгүй болзоо тэр байсан.
Г.Гэрэлсайхан: Яаж буцна даа гэж халширч байсан ч яалт ч үгүй буцахаар хөдөлсөн. Тэр өдөр усан бороо асгаж, бид хоёрын хувцас шалба норсон. Солих хувцас ч байхгүй. Сүүлдээ бүр их бороо бид хоёрыг тойрч ороод байгаа юм шиг санагдсан. Хажуугаар машинууд сүнгэнэтэл давхина. Бид хоёр хэчнээн хурдаллаа ч зам ахихгүй юм шиг. Их ядарч, нойр хүрээд, хөл алдан мотоциклээс сугарчих шахан арай гэж явж байсан.
-Одоо та хоёр дөрвөн сайхан хүүхэдтэй, өнөр өтгөн гэр бүл болжээ. Хүүхдүүдийнхээ нэрийг бүгдийг нь “Мөнх” гэж эхлүүлсэн нь ямар учиртай вэ?
Б.Гомбосүрэн: 2011 оны 12 рдугаар сарын 16-нд анхны хүүгээ өлгийдөн авч байлаа. Хүү маань үүр цайх үеэр төрсөн юм. Тэр үед бид хоёр залуухан, дөнгөж тусдаа гарсан, унаа машин ч үгүй байв. Манайх 7 дугаар хороонд, буудлагын талбайн тэнд амьдардаг байсан юм. Төрснөөс нь хойш гэр рүүгээ алхаж очоод эхнэртээ цай, шөл хийж аваад буцаж алхаж явтал нар мандаж байлаа. Өглөөний нар мандах тэр мөч үнэхээр сайхан санагдаж билээ. Аав болсны аз жаргалыг тэр үед л жинхэнэ утгаар нь мэдэрсэн дээ.
Г.Гэрэлсайхан: Хүү маань төрөхдөө хөлөөрөө түрүүлж гарч байсан юм. Тэгэхэд манай хүн сэтгэл нь их хөдөлсөн бололтой, хүүдээ “Босоо хөх монгол эр хүн” гэдэг нэр өгөх гэж байлаа. Харин би “Хайраа, арай л урт нэр биш үү?” гэж хэлээд болиулсан юм. Тэгтэл “Нар мандахыг харахад их гоё мэдрэмж төрсөн. Тэгвэл хүүдээ ‘Мөнхнар’ гэдэг нэр өгье” гэсэн. Би ч бас ямар нэгэн хүндрэлгүй, ээжийгээ зовоолгүй төрсөн, бурхны бэлэг юм чинь “Ариунбэлэг” гэж нэрлэмээр санагдсан. Тэгээд бид хоёрын сонгосон нэрийг нийлүүлээд хүүдээ “Мөнхбэлэг” гэдэг нэр өгч байлаа.
Б.Гомбосүрэн: Дараагийн хүү маань 2014 онд төрсөн. Тухайн үед эхнэр маань цайны газраа ажиллуулдаг байсан болохоор хүү маань 4 кг жинтэй төрж байлаа. Ивээл ерөөлтэй сайхан хүүдээ “Мөнх-Ивээл” гэдэг нэр хайрласан. Гурав дахь нь охин. Ганц охиноо үргэлж баяр хөөр, аз жаргалаар бялхаж, дэлгэрч яваасай гэж бэлгэдээд “Мөнх-Ундрам” гэж нэрлэсэн. Харин бага хүүдээ бусдын итгэлийг дааж, итгэл даах хүн болж өсөөсэй, ирээдүй нь сайн сайхан байгаасай гэсэн ерөөлөөр “Мөнх-Итгэлт” гэдэг нэр өгсөн дөө.

-Бие биенийхээ ямар зан чанарыг хамгийн их үнэлдэг вэ?
Г.Гэрэлсайхан: Би эхэлж магтъя. Нөхөр маань аливаа зүйлд их хариуцлагатай ханддаг. Эр хүн гэр бүлээ халамжилж, хамгаалах ёстой гэсэн үүргээ ухамсарлаж, түүнийгээ ч сайн биелүүлдэг. Маш ажилсаг. Гэртээ зүгээр хэвтээд амарсан өдөр бараг байхгүй дээ. Бас намайг сайн сонсдог. Бид хоёр аливаа асуудлыг ярилцаж, хамтдаа шийдвэр гаргадаг.
Б.Гомбосүрэн: Манай эхнэрт сайн чанар олон бий. Тэр дундаас онцолбол, аливаа зүйлд их хүлээцтэй, тэвчээртэй ханддаг. Уурлаж бухимдахаас илүү эвээр шийдэхийг хичээдэг. Бас ямар нэг шийдвэр гаргахад надад маш сайн зөвлөгч, чиглүүлэгч болж чаддаг.
- Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?
Б.Гомбосүрэн: Манай гэр бүлд тогтсон нэг уламжлал бий. Долоо хоногийн зургаан өдөр ажиллаж, нэг өдөр амардаг. Төв зах бямба гарагт өдөр амардаг учраас тэр өдрийг гэр бүлдээ зориулдаг. Хүүхдүүдтэйгээ хамт аялж, агаарт гарахыг чухалчилдаг. Хүүхдүүдээ бага байхаас нь эхлээд л хөдөө орон нутаг, эх орныхоо үзэсгэлэнт газруудаар дагуулж явдаг байсан.
Хүүхдүүдээ байгальд ойрхон байлгаж, эх орон, нутаг усаа ойлгох, мэдрэх, бахархах үзэлтэй болгож төлөвшүүлэхийг хичээдэг. Зун нь модон дунд, голын эрэг дээр тоглож, өвөл нь цас, мөсөн дээр чаргаар гулгаж өнжинө дөө.
Г.Гэрэлсайхан: Хүүхдүүддээ сайхан дурсамж бүтээж өгөхийг хүсдэг. Том болоод өөрсдөө гэр бүлтэй болсон хойноо ч гэр бүлдээ цаг гаргаж, хайрлан эрхэмлэдэг байгаасай гэж боддог учраас хүүхдүүдээ дагуулаад аль болох олон газар аялах дуртай. Агаарт их гарч, байгальд ойр байдаг болоод ч тэр үү, хүүхдүүд маань ханиад хүрэх нь ч ховор.
Ихэнхдээ гэр бүлийн найзуудтайгаа бүх хүүхдээ дагуулаад хамт явдаг. Ядарч, стресстсэн үедээ найзуудтайгаа уулзаж, ярилцаад суух сайхан байдаг. Заримдаа спорт заал түрээслээд сагсан бөмбөг, волейбол тоглоно. Ер нь чөлөөт цагаа гэр бүл, найз нөхөдтэйгөө хамт, идэвхтэй, эрүүл байдлаар өнгөрүүлэхийг хичээдэг дээ.
- -Сонирхолтой яриа өрнүүлсэн та хоёрт баярлалаа. Цаашдын ажил, амьдралд нь сайн сайхныг хүсэн ерөөе.