Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Булган, 2026 оны арваннэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шавь нараа амжилттай бэлтгэн оролцуулж буй Булган аймгийн Тояа академийн багш Баасанжавын.Оюунцэцэгтэй ярилцлаа.
-Соробан сампингийн сургалтыг Булган аймагт хөгжүүлэх санаа хэрхэн төрсөн бэ?
-Соробан сампингийн сургалтаа 2020 онд анх эхлүүлж байлаа. Коронавирусний цар тахлын үед тэмцээнүүд цахимаар зохион байгуулагддаг байсан бол 2023 оноос шавь нараа гадаадын тэмцээнд биечлэн оролцуулж эхэлсэн. Би соробан сампингийн багшаар зургаа дахь жилдээ ажиллаж байна. Энэ оны нэгдүгээр сард Булган аймгийн төвд сургалтаа албан ёсоор нээсэн. Үүнээс өмнө Хутаг-Өндөр суманд хүүхдүүдээ сургаж байлаа.
-Булган аймгийн бяцхан тамирчид дэлхийн аваргад оролцох эрх авчээ. Тэдний амжилт, бэлтгэлийн талаар?
-Тийм ээ, биднийг томоохон тэмцээнүүд хүлээж байна. Шри-Ланка улсад болох цээж тооны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Булган аймгаас долоон хүүхэд оролцоно. Тэдний хоёр нь Хутаг-Өндөр сумаас, тав нь аймгийн төвөөс шалгарсан. Аймгийн төвөөс шалгарсан таван хүүхэд маань энэ оны нэгдүгээр сард анх сампингаар тоо бодож сурч эхэлсэн. Гэтэл жил ч хүрэхгүй хугацаанд дэлхийн аваргад оролцох эрх авч, өрсөлдөхөөр болсон нь тэдний хичээл зүтгэл, тууштай бэлтгэлийн үр дүн юм. Мөн өөр нэг шавь маань АНУ-ын Лос-Анжелес хотод болох Америкийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж байна. Саяхан виз нь гарсан тул одоо тэмцээний бэлтгэлээ үргэлжлүүлж байгаа.

-Зургаан жилийн хугацаанд хэчнээн хүүхэд таны сургалтад хамрагдсан бэ? Тэднээс олон улсын болон дотоодын тэмцээнд тогтмол амжилт гаргаж буй шавь нараасаа танилцуулна уу?
-Сүүлийн зургаан жилийн хугацаанд манай сургалтад нийтдээ 500-600 орчим хүүхэд хамрагдсан байх. Яг нарийн тоолж байгаагүй юм байна. Тэднээс жил бүр олон улсын тэмцээнд оролцож, соробан сампингаар дөрөв, таван жил тууштай хичээллэн, тогтмол амжилт гаргаж байгаа хүүхдүүд бий.
Тухайлбал, Малайзад болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс гадна Энэтхэг, Америкийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн Т.Хишигтбуян охин байна. Мөн Б.Номинзаяа Малайзын алтан цом, Энэтхэгийн хүрэл цом, Д.Эзэнмөнх Гүржийн алтан цом, О.Дөлгөөнтамир Гүржийн мөнгөн цом хүртсэн.
Түүнчлэн дотоодын тэмцээнүүдээс шавь нар маань Гранд чемпион цом 3, чемпион цом 1, алтан цом 4, мөнгөн цом 4, хүрэл цом 3, алтан медаль 4, мөнгөн медаль 6 хүртээд байна.
Одоо АНУ-ын тэмцээнд оролцохоор бэлтгэж байгаа С.Энэрэл охин маань Энэтхэгээс алтан цом, Гүржээс мөнгөн цом хүртэж байсан. Оролцсон тэмцээн бүрээсээ амжилттай ирдэг, маш хичээнгүй, тууштай хүүхэд. Шавь нар маань тив, дэлхийн тэмцээнээс амжилт гарган ирэх бүрд багш хүний хувьд маш их баярлаж, бахархдаг.
12 дугаар сарын 12-нд Шри-Ланка улсад болох цээж тоолол, соробан сампингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд долоон шавь маань оролцоно. Тэд маань өмнөх үеийнхнийхээ тив, дэлхийн аварга, алтан болон мөнгөн цомын буухиаг үргэлжлүүлж, амжилт гаргаасай гэж тэсэн ядан хүлээж байна. Шавь нараараа үнэхээр бахархаж, баярлаж явдаг даа.
-Соробан сампингийн сургалтад хэдэн насны хүүхдүүд хамрагддаг вэ? Энэ төрлөөр хичээллэх нь хүүхдийн сэтгэхүй, суралцах чадварт ямар ач холбогдолтой вэ?
-Манай сургалтад хамрагдаж байгаа хамгийн бага насны хүүхэд дөрвөн настай. Цэцэрлэгийн насны хүүхдүүд ч бий. Анх сургалтад ирэхдээ тоогоо ч бичиж чаддаггүй байсан бяцхан шавь маань одоо гурван номоо дуусгаж, сампин дээрээ тоогоо хурдан, эв дүйтэй боддог болсон. Харин хамгийн ахмад тамирчин маань 12 настай, дэлхийн аварга болсон охин бий.
Соробан сампингаар тууштай хичээллэснээр хүүхэд заавал уралдаан, тэмцээнд оролцохгүй байсан ч олон талын чадвараа хөгжүүлдэг. Тухайлбал, сонсох, харах, мэдээллийг тогтоох, тооцоолох хурд сайжирна. Мөн баруун, зүүн тархины үйл ажиллагааг дэмжиж, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх ач холбогдолтой.
Сампингийн хичээлдээ дурласан хүүхдүүд утас, зурагт үзэх цагаа өөрсдөө багасгаж, хичээлдээ илүү анхаардаг болдог. Ерөнхий боловсролын сургуулийн бусад хичээлийг ойлгож, гүйцэтгэх хурд нь ч нэмэгддэг давуу талтай. Тиймээс соробан сампин зөвхөн тоо бодох чадвар эзэмшүүлэхээс гадна хүүхдийн анхаарал төвлөрөл, ой тогтоолт, бие даан суралцах чадварыг хөгжүүлдэг гэж боддог.

-Анхаарал төвлөрөлт сул, аутизмын хүрээний онцлогтой хүүхдүүд ч танай сургалтад хамрагддаг юм байна. Тэдний суралцах явцад ямар ахиц, өөрчлөлт ажиглагддаг вэ?
-Үзүүлэлгүй яах вэ. Би хүүхэд бүртэй тулж ажиллахыг хичээдэг. Хүүхэд бүрийн чадвар, суралцах онцлогт тохируулан хичээлээ зааж, өөрийнх нь хурдаар ахиулдаг. Тиймээс анхаарал төвлөрөлтийн хүндрэлтэй, бусадтай ижил хурдаар суралцахад бэрхшээлтэй хүүхдүүд ч манай сургалтад хамрагдаж, өөрийн хэмжээнд ахиц гаргах боломжтой. Тэд ч бас сурч боловсрох эрхтэй шүү дээ.
Манай сургалтад аутизмын хүрээний эмгэгийн хөнгөн хэлбэртэй хүүхдүүд ч суралцдаг. Тухайлбал, анх хичээл дээрээ тогтож сууж чаддаггүй, анхаарал нь амархан сарнидаг байсан нэг хүүхэд таван сар тууштай хичээллэсний дараа хичээлдээ төвлөрч, өдөрт 250 бодлого боддог болсон. Энэ бол тухайн хүүхдийн гаргасан томоохон ахиц юм.
Шинээр ирсэн хүүхдүүд эхэндээ цонхны чимээ гарахад тийшээ харах, цаас шажигнахад анхаарал нь сарних зэргээр орчны нөлөөнд амархан автдаг. Харин тогтмол хичээллэсэн хүүхдүүд бодлогоо бодохдоо анхаарлаа төвлөрүүлж, орчны дуу чимээнд бага сатаардаг болдог. Хажууд нь хүн ярьж, юм асууж байсан ч бодлогоо үргэлжлүүлэн бодож, хариугаа зөв гаргадаг. Хүүхэд бүрийн ийм ахиц, өөрчлөлтийг харах сайхан байдаг.
-Соробан сампингийн сургалтад хүүхэд бүрийг нэг арга барилаар сургах боломжгүй байх. Та хүүхдийнхээ онцлогт хэрхэн тохируулж ажилладаг вэ?
-Миний ажлын гол арга барил бол хүүхэд бүрийн онцлог, сонирхол, авьяасыг таньж мэдэх юм. Зарим эцэг эх хүүхдээ уйлуулж байгаад ч хамаагүй сампингийн сургалтад суулгах гэж авчирдаг. Тэр үед би хүүхдээ ажиглаад, сампингаар хичээллэвэл ахиц гаргах боломжтой эсэх, эсвэл урлаг, спортын өөр чиглэлд илүү сонирхолтой хүүхэд үү гэдгийг нь танихыг хичээдэг. Тэгээд эцэг эхтэй нь илэн далангүй ярилцана. Хүүхэд бүр заавал тоочин болох албагүй шүү дээ. Хамгийн гол нь тухайн хүүхдийн сонирхол, хүсэлд нийцсэн чиглэлийг нь олох хэрэгтэй.
Хичээлдээ тогтож сууж сураагүй хүүхдүүдийг шууд суулгаж, шахаж шаардахыг би хүсдэггүй. Харин өдөр бүр бага багаар дасгаж, эвийг нь олж, аядуу зөөлөн аргаар анхаарлыг нь төвлөрүүлэхийг хичээдэг. Хүүхэд босоод явбал араас нь очиж, тоглоом, наадгайтай хослуулан хичээлээ үргэлжлүүлнэ. Ерөнхий боловсролын сургуульд олон хүүхдийг нэг дор суулгаж хичээллэх шаардлагатай байдаг бол миний хувьд цөөн хүүхэдтэй тулж ажилладаг учраас тэднийг нэг хэвэнд барихыг зорьдоггүй. Харин чөлөөтэй, тайван орчин бүрдүүлж, инээлгэж, дуулуулангаа хичээлээ заадаг. Хүүхэд өөрийнхөөрөө байж, дуртайяа суралцах нь хамгийн чухал гэж боддог.
Хичээлийн үеэр тайвшруулах ая тогтмол тавьдаг. Хүүхдүүд маань ч үүнд дассан. Заримдаа аав, ээж нь ирээд авахад хүртэл “Багш аа, тайвшруулах аяаа тавьчих. Би энэ тоогоо бодчихоод явъя” гээд харихаа хойшлуулах нь бий. Бас тухайн өдөр ямар хичээл үзмээр, юу хиймээр байгааг нь өөрсдөөс нь асууж, боломжтой үед сонголтыг нь өөрсдөд нь үлдээдэг. Хүүхэд дуртай суралцаж байж л илүү сайн ахиц гаргана гэж боддог доо.

-Шавь нараа олон улсын тэмцээнд оролцуулахад санхүүгийн асуудал тулгардаг байх. Энэ зардлыг хэрхэн бүрдүүлж байна вэ?
-Хүүхдүүдээ тив, дэлхийн тэмцээнд оролцуулахад эцэг эхчүүд маань маш сайн дэмждэг. Өнгөрсөн жил Гүрж улсад болсон тэмцээнд оролцох гурван хүүхдэд аймгийн Засаг дарга тус бүр нэг сая төгрөг, сумын Засаг дарга тус бүр 500 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлж байсан.
Харин одоо Засгийн газрын хэмнэлтийн тухай хуультай холбоотойгоор уралдаан, тэмцээнд оролцох хүүхдүүдэд орон нутгаас санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломжгүй болсон гэж ойлгосон. Тиймээс энэ удаа бид өөрсдийн боломжоор, гол нь эцэг эхчүүдийнхээ дэмжлэгээр тэмцээний зардлаа бүрдүүлж байна. Зам, байр, хоол зэрэг бүх зардлыг эцэг эхчүүд өөрсдөө хариуцаж байгаа.
Манай сургалтын сарын төлбөр 250 мянган төгрөг. Нэг айлаас хоёр хүүхэд хамрагдвал төлбөрийн 10 хувийн хөнгөлөлт үзүүлдэг. Хүүхэд бүрийн суралцах хурд, чадвар харилцан адилгүй. Тухайлбал, зарим хүүхэд нэг сарын дотор гурван ном үзэж дуусгадаг бол зарим нь эхний номынхоо арван хуудсыг үзэж байх жишээтэй. Тиймээс хүүхэд бүрийн онцлог, суралцах хурдад нь тохируулан хичээлээ зааж, өөрийнх нь ахицад нийцүүлэн сургадаг.
-Хүүхдээ соробан сампингийн сургалтад оруулахын тулд шинэ бүлэг эхлэхийг хүлээх хэрэгтэй юу?
-Шаардлагагүй. Би сургалтын зарыг ойр ойрхон тавьдаггүй ч зарим эцэг эх хүүхдээ элсүүлэх хугацаа өнгөрсөн гэж бодоод хүлээх тохиолдол бий. Соробан сампингийн нэг давуу тал нь хүүхдийг хэдийд ч шинээр элсүүлэх боломжтой байдаг. Учир нь бид хүүхдүүдийг нэг бүлгээр нь бус, тус бүрийнх нь ном, суралцах түвшинд тохируулан ганцаарчлан чиглүүлж ажилладаг. Тиймээс маргааш ч, ирэх сард ч хүүхдээ манай сургалтад хамруулж болно.
Хүүхдийн тархины хөгжил эрчимтэй явагддаг үе нь 3-4 нас тул энэ наснаас нь эхлэн соробан сампингийн сургалтад хамруулах нь үр дүнтэй. Манайд одоогоор цэцэрлэгийн насны 25 хүүхэд суралцаж байна. Хүүхдүүд маань Тояа академиас жилд хоёр удаа зохион байгуулдаг улсын хэмжээний тэмцээнд оролцох их дуртай. Тэмцээний үеэр 1500 орчим хүүхэдтэй уулзаж, танилцан, хамтдаа тоглож, цагийг хөгжилтэй өнгөрүүлдэг. Энэ нь хүүхдүүдэд маань мартагдашгүй, сайхан дурсамж үлдээдэг гэж боддог.
Хүүхдийнхээ хөгжилд цаг зав гаргаж, үргэлж дэмжин, ирээдүйд нь хөрөнгө оруулж буй эцэг эхчүүддээ чин сэтгэлээсээ талархаж явдгаа илэрхийлье.
-Цаг гарган ярилцлага өгсөнд баярлалаа. Шавь нарт нь амжилт хүсье.