Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Өлгий, 2026 оны арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Монгол Улстай 2028-2032 онд хамтран ажиллах дунд хугацааны баримт бичиг боловсруулахтай холбогдуулан Баян-Өлгий аймгийн хөгжлийн тэргүүлэх чиглэл, тулгамдаж буй асуудал, хэрэгцээг тодорхойлох ажлын баг тус аймагт ажиллаж байна. Ажлын багийг Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Лионел Лорон ахалж байгаа юм.
Ажлын багийн бүрэлдэхүүнийг аймгийн Засаг даргын орлогч К.Бахытжан хүлээн авч уулзаж, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Монгол улсад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн зорилго, зорилт, үйл ажиллагааны чиглэлийн талаар мэдээлэл солилцож, цаашдын хамтын ажиллагааны боломж, орон нутгийн хөгжлийн хэрэгцээ, тэргүүлэх чиглэлийн талаар санал солилцлоо.
Аймгийн Засаг даргын орлогч К.Бахытжан Баян-Өлгийд НҮБ-ын байгууллагуудтай хамтран олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж ирснийг онцолж, хамтын ажиллагаанд талархал илэрхийлэв. Мөн аймгийн хөгжлийн тэргүүлэх чиглэл, шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг танилцуулж, цаашдын хамтын ажиллагаанд тусгах орон нутгийн санал, санаачилгыг уламжилжээ.
Үүний дараа ажлын баг төрийн болон хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлтэй уулзаж, 2028–2032 оны хамтын ажиллагааны баримт бичигт тусгах орон нутгийн санал, хэрэгцээ, хөгжлийн чиглэлийн талаар хэлэлцэв.
Мөн ажлын баг эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих сургалт зохион байгуулах, орон нутгийн дугуйлан байгуулах, залуучуудад хууль тогтоомжийн нэмэлт, өөрчлөлтийн талаар мэдээлэл өгөх, хэлэлцүүлэг өрнүүлэхээр төлөвлөжээ. Түүнчлэн уул уурхайн салбарын шинжлэх ухаан, технологи, мэргэжлийн чиглэлээр охидын оролцоог нэмэгдүүлэхэд анхаарах юм.

