Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Өлгий, 2026 оны арваннэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн хүүхэд багачуудын сурч боловсрох, авьяас чадвараа нээн хөгжүүлэх, урлаг, спортын олон талт үйл ажиллагаанд оролцох боломжийг нэмэгдүүлэх зорилготой Хүүхэд хөгжил, хамгааллын ордны барилга угсралтын ажил дуусаж, ашиглалтад хүлээн авахад бэлэн болжээ.
Аймгийн төв Өлгий сумын 8 дугаар багт барьсан тус ордны барилгыг хүлээн авах улсын комисс ажиллаж эхэлсэн байна. Комиссыг аймгийн Засаг даргын 2026 оны аравдугаар сарын 28-ны өдрийн А/816 дугаар захирамжаар байгуулжээ.
Олон жилийн турш аймгийн хүүхэд багачууд, хүүхдийн байгууллагын үе үеийн удирдлага, хамт олны хүсэл зорилго болсоор ирсэн энэхүү ордон ашиглалтад орсноор хүүхэд бүр авьяас чадвараа нээн хөгжүүлэх, шинэ мэдлэг, ур чадвар эзэмших, нийгмийн идэвхтэй оролцоогоо нэмэгдүүлэх, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх таатай орчин бүрдэх юм. Мөн хүүхдийн бие бялдар, оюун ухаан, бүтээлч сэтгэлгээний хөгжлийг дэмжих олон талт үйл ажиллагаа явуулах юм.
Түүнчлэн Баян-Өлгий аймагт анх удаа усан бассейн бүхий цогцолбор байгууламж бий болж байгаагаараа онцлогтой. Ингэснээр хүүхэд багачууд усан спортоор хичээллэхээс гадна урлаг, спорт, боловсрол, хөгжлийн төрөл бүрийн сургалт, дугуйлан, үйл ажиллагаанд хамрагдах боломж бүрдэнэ.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлсэн уг төслийн барилгын ажлыг “Монстрой-Эра” ХХК гүйцэтгэжээ.



