Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Өлгий, 2026 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Төр, нийгмийн зүтгэлтэн, ахмад дайчин Шымшырын Ногайн мэндэлсний 125 жилийн ойг тохиолдуулан түүний амьдрал, үйл хэрэг, эх орон, ард түмнийхээ төлөө оруулсан хувь нэмэр, түүхэн гавьяаг олон нийтэд таниулан сурталчлах зорилготой “Эх орноо хайрласан эрхэм хүмүүн” номын нээлтийн ёслол боллоо.
Энэхүү номыг Ш.Ногай агсны ач хүү, Монгол Улсын Гавьяат багш Хабаны Доман эмхэтгэн боловсруулж, хэвлүүлсэн бөгөөд өвөг дээдсийнхээ түүхэн замнал, эх оронч үзэл санаа, үйл хэргийг хойч үедээ өвлүүлэн үлдээхэд чиглэжээ.
Номын нээлтийн үеэр эмхэтгэгч Х.Доман бүтээлийнхээ агуулга, онцлог, ач холбогдлыг танилцуулж, Ш.Ногай агсны амьдрал, төр нийгмийн зүтгэл, эх оронч үйл хэргийг харуулсан түүхэн баримт, дурсамжийг эмхэтгэн нэгтгэж, ийнхүү ном болгон хэвлүүлсэн тухайгаа танилцууллаа.
Энэ үеэр оролцогчид Ш.Ногай агсны тухай дурсамжаа хуваалцаж, Монгол Улсын төр, нийгмийн хөгжилд оруулсан хувь нэмэр, Баян-Өлгий аймгийг байгуулахад гүйцэтгэсэн түүхэн үүрэг, эх орон, ард түмнийхээ төлөө зориулсан амьдрал, үйл хэргийг нь онцлон дурслаа.
Тэрбээр 1943-1946 онд маршал Х.Чойбалсангийн шууд зааврын дагуу Хятадын Гоминданы засгийн газрын эсрэг тэмцсэн Монголын казах партизануудын отрядыг удирдаж, Шинжаан мужийг чөлөөлөх, Дорнод Туркистаны Засгийн газрыг байгуулах үйл хэрэгт идэвхтэй оролцжээ.
Мөн 1946-1957 онд Улсын Бага Хурлын Тэргүүлэгчээр сонгогдон ажиллаж, 1951, 1954, 1957 онд Ардын Их Хурлын депутатын орлогчоор сонгогдсон байна. Түүнчлэн МАХН-ын Төв Хорооны гишүүнээр ажиллаж, намын төв байгууллагын зөвлөлийн зааварлагчаар үүрэг гүйцэтгэж байжээ.
Түүний эх орон, ард түмнийхээ төлөө оруулсан хувь нэмэр, цэрэг дайны болон төр, нийгмийн салбарт гаргасан гавьяа зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж, Байлдааны гавьяаны одонгоор хоёр удаа, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон болон бусад медалиар шагнажээ.



