Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Өлгий, 2026 оны арваннэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт уламжлалт гар урлал, үндэсний өв соёлыг залуу үед өвлүүлэх, тэдэнд хөдөлмөр эрхлэх ур чадвар эзэмшүүлэх зорилгоор шавь сургалт явуулж байна.
Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн дагуу зохион байгуулж буй уг сургалтад соёлын өв тээгч ахмад мастерууд залуучуудад мужаан, гар урлал, оёдол, эсгүүрийн чиглэлээр мэдлэг, ур чадвараа зааж байна. Суралцагчид уламжлалт арга ухаанд суралцахын зэрэгцээ эзэмшсэн ур чадвараа цаашид бие даан хөдөлмөр эрхлэх, орлого олох боломж болгон ашиглах юм.
Одоогоор дөрвөн соёлын өв тээгчтэй хамтран явуулж буй сургалтад 30 гаруй хүн хамрагдаж байна. Сургалтыг жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлдэг өв тээгчдийн мужааны цех, оёдлын газарт явуулж, суралцагчдад ажлын бодит орчинд дадлага хийх боломж олгож байгаагаараа онцлогтой.
Үүнээс гадна аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас энэ сараас эхлэн мэргэжлийн сургалт явуулах эрх бүхий байгууллагуудтай хамтран ажилгүй, ажил олоход хүндрэлтэй болон ажилгүйдэлд өртөж болзошгүй иргэдийг мэргэжил эзэмшүүлэх сургалтад хамруулахаар төлөвлөжээ.
Тус сургалтаар барилга угсралтын мужаан, аялал жуулчлалын үйлчилгээний ажилтан, дэлгүүрийн кассчин, гоо сайханч, оёдолчин зэрэг мэргэжил эзэмшүүлэх бөгөөд танхимын сургалтыг тогтмол явуулах юм.



